ШУУРХАЙ МЭДЭЭ: Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүллээ

2021-05-13 14:34

ШУУРХАЙ МЭДЭЭ: Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүллээ

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ 12.00 цагт хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг түдгэлзүүлэх асуудлыг ярилцжээ. Тэгвэл Хяналтын хорооноос шийдвэрээ гаргаж үүсээд буй нөхцөл, байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан, хүчирхийлсэн гэх хэрэгт нэр холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж буй юм. Тиймээс Хяналтын хорооноос түүнийг хуулийг байгууллагаар шалгуулж гэм, буруутайгаа тогтоолгох хүртэл МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлж байгаа аж. Дашрамд дурдахад, МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурал дээр Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг ярьсан ч шийдвэр гаргаж чадаагүй билээ. 

2021-05-13 11:12

МАН-ын Хяналтын хороо 12.00 цагт хуралдаж Ц.Анандбазарыг "хөөх" асуудлыг хэлэлцэж магадгүй байна

МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ТВ9 телевизид ярилцлага өгөхдөө "Ц.Анандбазарыг гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуул. Гишүүнээс түдгэлзэх бол тухайн УИХ-ын гишүүний өөрийнх нь асуудал байгаа юм. Өөрөө өргөдлөө өгч байж түдгэлзэнэ. Эсвэл хууль, хяналтын байгууллага энэ хүнийг түдгэлзүүлж байж шалгана гэсэн хоёр л зам байгаа.

Нөхөр Ц.Анандбазарыг хүмүүсийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ.

Энэ нь тогтоогдвол энэ хүн хариуцлагаа үүрэх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирэх ёстой. Тийм учраас энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж би намын даргын хувьд өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлсэн. Үгүй юм бол намаас нь түдгэлзүүл гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгээд гэм буруугүй юм бол намдаа эргүүлж авая. Хэрвээ гэм буруутай гэвэл намын тухай асуудлыг ярина" гэж мэдэгдсэн. 

Үүний өмнө Ц.Анандбазартай холбоотой асуудал сөхөгдөж эхлэхэд МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хуралдаж асуудлыг тойрч ярилцсан талаар бид өмнө мэдээлж байсан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ц.Анандбазар түдгэлзүүлээд шалгуулах ёстой" гэсэн байр, суурийг илэрхийлсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр 12:00 цагт МАН-ын Хяналтын хороо хуралдаж Ц.Анандбазарыг МАН-аас нь түдгэлзүүлэх эсвэл хөөх асуудлыг ярилцаж магадгүй байна эх сурвалж бидэнд мэдээллээ.  

МАН-ын Хяналтын хороо нь намын гишүүдийнхээ ёс зүй болон бусад асуудлыг авч хэлэлцэж намаас түдгэлзүүлэх эсвэл хөөх асуудлыг шийдвэрлэдэг байгууллага юм.