У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг, С.Эрдэнийн гэргий Н.Нинжбадгар, Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэг гэж ХЭН БЭ?

У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг, С.Эрдэнийн гэргий Н.Нинжбадгар, Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэг гэж ХЭН БЭ?

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшихээр болоод байна. Харин тэдний гэр бүлийн хүмүүс ямар хүмүүс байдаг тухай иргэд тэр бүр мэдэхгүй байх. Иймд нэр дэвшигчдийн эхнэр буюу тэргүүн хадагтайн талаар хүргэж байна.

-У.ХҮРЭЛСҮХИЙН ЭХНЭР Л.БОЛОРЦЭЦЭГ-

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн гэр бүлийн хүнийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ажээ.

У.Хүрэлсүх эхнэртэйгээ танилцсан талаар өөрийн цахим хуудастаа “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад "Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. "Утасны дугаарыг нь мэдэх үү" гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя" гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн байдаг.

Мөн 2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээж, тэрээр парламентад сонгогдсныхоо дараа “Эхнэрээ эмчлүүлнэ” гэж гишүүнийй албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Учир нь У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг булчирхайн төрлийн хорт хавдартай гэж оношлогдож, БНСУ-д эмчлэгдэж байгаа тухай мэдээлэл гарч байв.

-С.ЭРДЭНИЙН ГЭРГИЙ Н.НИНЖБАДГАР-

С.Эрдэнийн гэргийг Н.Нинжбадгар гэдэг. Н.Нинжбадгар үйлдвэр комбинатад өссөн, эдийн засагч мэргэжилтэй. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч, Молор трейд ХХК гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай “Яг үнэндээ миний амьдрал яахав дээ, тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” гэжээ.

-Д.ЭНХБАТЫН ГЭРГИЙ Д.ОЮУНЦЭЦЭГ-

Форум” нэвтрүүлгээр олны танил болсон Монголын цахим технологийн анхдагч Дангаасүрэнгийн Энхбатын гэргийг Дашдаваагийн Оюунцэцэг гэдэг. Тэд Оросод суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ. Д.Оюунцэцэг хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан, англи, орос хэлтэй бүсгүй. “Датаком” компаний үүсгэн байгуулагч Д.Энхбатын нийгмийн зүтгэлтэн болсон замналд гурван хүүхдийн ээж, өндөр боловсролтой гэргийнх нь нөлөө чамгүй их байсан гэлцдэг.Олон нийтийн өмнө төдийлөн ил гараад байдаггүй Д.Оюунцэцэгийг ууланд алхагчид харин андахгүй. Тэрбээр “ХАЙРХАН аялагч клуб”-ийн гишүүн юм. Д.Оюунцэцэг 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик МНР (Монгольская Народная Республика) оргилд авиралт зохион байгуулж байжээ.