С.Одонтуяа: Засгийн газрын огцрох асуудлыг тавина

С.Одонтуяа: Засгийн газрын огцрох асуудлыг тавина

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоног энэ сарын 10-нд /2021.05.10/ тохиосон. Энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 37 сэтгүүлчийн асуултад хариулснаас гадна хийсэн, хийх ажлаа танилцуулж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар вакцинжуулах ажилд саад учруулж улмаар улстөржүүлсэн гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодруулж, байр суурийг нь сонслоо.

СОНСОХ:

-БИ ШҮҮХЭД ХАНДАЖ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭНЭ-

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таныг болон нөхрийг тань вакцин нэвтрүүлэх ажилд саад учруулсан гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүд вакцин тасалдуулах боломжтой юу. Мөн танай нөхрийн нэр уг асуудалд яагаад холбогдов?

-Вакцинтай холбоотой ажлыг Засгийн газар 100 хувь хариуцаж байна. Бүх хүн л вакциныг аль болох хурдан авчрахыг хүсч байгаа. УИХ-аар вакцины ажлыг хэсгийг гаргаж нэлээд санал, санаачилгыг боловсруулж байсан. Гэхдээ Засгийн газар өөрсдийн хариуцах ажлыг намайг саатуулсан гэж нэр цохсонд үнэхээр цочирдлоо. Юу болж байна вэ. Засгийн газар вакцин оруулж ирэх ажлыг маш том бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр хийж байгаа. Нэг хүн утсаар ярьснаас болж вакцин оруулж ирэх ажил зогсож буй бол энэ Засгийн газар ажлаа өгөх хэрэгтэй. Сөрөг хүчний нэг гишүүнээс болж ажил нь удааширч, саатсан бол энэ хүмүүс ажлаа хийж чадаагүйн илрэл. Огцрох асуудлыг нь би тавья гэж бодож байна. Манай нөхөр төрийн албан хаагч биш. Тэр дундаа төрийн дээд албан тушаал хашдаггүй. Вакцин оруулж ирэх ажлыг саатуулах шаардлагагүй. 

-Таны нэрийг цохож хэлсэн шалтгааныг та юу гэж байна вэ?

-Яагаад намайг нэрлэсний учрыг сайн олоогүй. Бодвол, би Ерөнхий сайдыг хэд, хэдэн удаа шүүмжилсэнтэй холбоотой юм болов уу. Тухайлбал, би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нөхцөл, байдал хүнд байхад УИХ дээр асуудлаа яриач” гэж шаардаж байсан. Учир нь гадаа хүнд байхад Төрийн ордонд гишүүд амгалан тайван, түр хороо нь ч хуралдахгүй байна. Тиймээс Ерөнхий сайд өөрийн биеэр ирээч гэж хэд, хэдэн удаа дуудсан ч ирээгүй. Мөн өчигдөр өглөө би мэдээлэл хийж “Засгийн газрын 100 хоног 170 хүний нас баралттай эхэлж байна шүү” гэж шүүмжилсэн. Шүүмжлэлтэй хандсаны төлөө арай ч ингэж хэлмээргүй юм. Сөрөг хүчний үндсэн үүрэг нь эрх баригчдын, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, сайн ажлыг дэмжих, алдаатай мууг нь засч залруулах шүү дээ. Үндсэн ажлаа хийсний төлөө намайг ингэж хэлж буйд гайхаж байна.  

-Та болон танай нөхөр ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваатай холбогдож “Оросуудад бидэнтэй зөвшилцөж байж Засгийн газарт вакцинаа нийлүүл гэж хэл” гэж ярьсан гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?

-Тийм зүйлийг бичсэн байна лээ. Би огт тэгэж ярьсангүй. Вакцин бол эмзэг асуудал. Манай нөхөр утсаар яриад л вакцинжуулалтын ажлыг гацааж байвал энэ Засгийн газар туйлын муу ажиллаж байна гэсэн үг. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Миний хувьд вакциныг хүртээмжтэй, сонголттой байх талаар ярьж ирсэн. Вакцин оруулж ирэх боломжийг хувийн хэвшлүүдэд зэрэг олгох саналыг гаргаж байсан. Заавал улсад санхүүгийн ачаалал өгөлгүй хувийн хэвшлүүд вакциныг оруулж ирж боломжтой нь тариулдаг байх сонголттой байх ёстой шүү дээ. Олон ажлыг ч санаачилж байсан. Тийм байхад яах гэж энэ ажлыг гацаах вэ. Хамгийн муухай нь хэдэн хоногийн өмнө Ерөнхий сайд “Вакцинжуулалтыг саатуулж буй нэг хүн бий. Энэ хүнийг зарлана. Улс үндэстний эсрэг хэрэгтэн” гэж хэлсэн. Үүнийхээ дараа ийм зүйл ярьсанд үнэхээр сонин байна. Тиймээс би нэр төрөө сэргээлгэнэ. Ерөнхий сайд хүн нотолгоотой, баримттай үндэслэлтэй ярих ёстой. Тэр тусмаа нэг хүнтэй уулзах уулзалт бус бүх сэтгүүлчдийн өмнө улс орон даяар ард иргэд үзэж байхад намайг ингэж хэлсэнд үнэхээр гайхсан. Ингэхдээ хаа, хамаагүй гаалийн ажилтнуудтай холбосон. Айлгаж, сүрдүүлж байгаа юм уу. Миний хийсэн хэрэг байвал гаргаад ир. Шүүхээрээ явъя. Шүүхээр гэм буруутайг минь тогтоогоогүй байхад Ерөнхий сайд намайг цоллосон нь үнэхээрийн хариуцлагагүйнх.

ВИДЕО ҮЗЭХ: 

-БИ Д.ДАВАА ГЭДЭГ ХҮНТЭЙ УТСААР ЯРЬЖ ҮЗЭЭГҮЙ-

-ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваатай ямар нэгэн асуудлаар та холбогдсон юм уу?

-Би Д.Даваа Элчин сайдтай нүүр тулж уулзаж байсангүй. Утсаар ч ярьж байсангүй. Манай нөхөр ч таньдаггүй. Яагаад тэгсэн юм. Элчин сайд Д.Даваагийн хувьд вакцинаа хурдан оруулж ирэхээр өдөр, шөнөгүй зүтгэж байгаа. Гэтэл тэр хүнийг хүртэл хамаатуулж, гүтгэлгийн чанартай зүйл ярьж болохгүй. Вакцинаар улстөржиж болохгүй гэж хэлчихээд өөрөө улс төржөөд байна. Яг сөрөг хүчнийхээ гишүүнийг барьж авч шүүмжилж байна. УИХ-ын гишүүн асан “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэг “Вакцин оруулж ирэхээр удаан хугацаанд хөөцөлдсөн ч зөвшөөрөхгүй байна” гээд л цахим хаягтаа бичээд байна. Худалдаа хөгжлийн банк вакцин аваад харилцагчдадаа үнэ төлбөргүй таримаар байна гэж мэдэгдэж байна. Гэтэл вакцины олдоц муу байна. Вакциныг Засгийн газраас өөр  субьект хөөцөлдөж олж авчрах ямарч боломжгүй. Харин яагаад вакциныг цаг хугацаанд нь оруулж ирээгүй юм. Мөн олон улсын байгууллагаас их хэмжээний буюу 659 сая долларын зээл тусламж аваад зөв, зүйтэй зарцуулсан юм уу. 5.1 их наяд төгрөгийг зөв зарцуулж чадсан уу. Үнэхээр эд нарын хэлээд буй шиг нэг өвчтөнийг найман сая төгрөгөөр эмчилсэн эсэх зэрэгт шалгалт хийж байна.

-Сөрөг хүчнээс ажлын хэсэг гаргаж шалгах юм уу?

-Тийм. Манай намын бүлгээс ажлын хэсэг гаргаж шалгана. Бүх ажлаа гадны байгууллагуудын тусламжаар санхүүжүүлчихнэ гэдэг сэтгэхүй Засгийн газарт байсан. Өөрсдөө хариуцлагатай байя гэдэгт анхаардаггүй. “Вакцин дээр хариуцлагатай байж эртхэн мөнгөө төсөвт суулга. Үйлдвэрлэгчид рүү эртхэн мөнгөө шилжүүл, гэрээ хэлцлээ хий” гэж жилийн өмнөөс хэлсэн. Гэтэл тэгээгүй. Манай улсад нас баралт бүртгэгдэхгүй байх боломжтой байсан. Учир нь дотоодод халдвар тархалгүй маш олон сар болсон. Бусад оронд вакцин үйлдвэрлэгдэхээс өмнө халдвар эрчтэй тархаж, олон хүн нас барсан. Харин манайд халдвар тархахаас өмнө вакцины сураг гарчихсан байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр Улсын онцгой комиссын шийдвэр үргэлж сонгуультай уялдаж гардаг. Аль нь зөв, аль нь буруу гэдэгт анхаарахгүй сонгууль, намын 100 жилээ бодож байна. Түүнээс тэд нарт аж, ахуй нэгжүүд дампуурч, татварын орлого тасрах, иргэдийн эрүүл мэнд доройтох огт сонин биш байна. Гадаадад гацсан монголчуудыг яаж зовоолоо. Энэ мэт маш муу ажиллаж байгаа. Гэнэт сандрахад манай эмнэлэг, эрүүл мэндийн салбар ямар хүнд байсан билээ. Аймгуудад пи си ар аппрат байхгүй цагийг нь тулахаар УИХ-ын гишүүд нь сандарцгаагаад байсан. Дарга нар жийпний тоогоо цөөлж эмнэлгийн машинаа нэмээч. Төрийн байгууллагууд салан задгай, мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн нь коронавирусийн үед л ил боллоо.  Намын үүрэг даалгаврыг биелүүлж л байвал төрийн ажил цалгардах, мөнгө дутах зэрэг нь огт хамаагүй болжээ. Бүх ажил нь сонгууль руу чиглэгдэж байна. Сонгууль улс орныг туйлдуулж байна.

-ОЛОНХИЙН ШИЙДВЭРЭЭ ХҮНДЭТГЭЭД Н.АЛТАНХУЯГИЙГ ДЭМЖСЭН-

-Хорих ангиудад хоригдож буй хүмүүс коронавирусийн халдвараар өвчилж хүндхэн нөхцөл байдалд байгаа талаар та Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Танд хариу ирүүлсэн үү. Энэ талаар УИХ дээр ямар нэгэн ажил зохион байгуулж байна уу?

-Коронавирусийн халдвар тархах эхэн үед НҮБ-ийн хүний эрхийн мэргэжилтнүүдээс улс орнуудад уриалга хүргүүлсэн. Ялангуяа эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг коронавирусийн халдвараар өвчлүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэхийг сануулсан. Учир нь хоригдож буй хүмүүс дархлаа султай байдаг. Мөн ял шийтгэгдсэн хүмүүс өвчин тусах нь дахин шийтгэгдэж буйтай ижил. Тиймээс үүн дээрээ онцгой анхаарах, хуулийн арга хэмжээг авах, хөнгөн ялтай хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулахыг анхааруулсан. Эрх чөлөө нь хязгаарлагдаагүй хүмүүсийн хувьд дархлаагаа дэмжих, өөрсдөө хязгаарлалтаа хийж болно. Харин тэр хүмүүст ийм боломжгүй. Хүний эрхийн талаасаа хамгийн их зөрчилд орох магадлалтай нь тэдгээр хүмүүс шүү дээ. Мөн зарим хорих ангиудад гэм буруутай  эсэх нь тогтоогдоогүй олон хүн бий. Тэр хүмүүс коронавирусийн халдвараар өвчилж нас  барвал төрийн буруу шүү. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичиг явуулж, анхааруулсан. Мөн хууль санаачилж Засгийн газарт өгсөн. Энэ хууль коронавирусийн үед эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд болон хөнгөн ялтай хүмүүсийг суллаж электрон гав зүүлгэн хянаач гэсэн агуулгатай хуулийн төслийг өгсөн. Гэтэл одоо болтол өргөн барихгүй хэлэлцэхгүй байна. Манай улсад хүний эрх зөрчигдөхөд зөрчигдсөн эрхийнх нь асуудлыг бус хүнийг нь яриад байдаг алдаа бий. Тэр хүн хэн байх нь хамаарахгүй. Хүн ёсны эрхийг нь хамгаалах ёстой юм. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс их сайн ажиллаж байгаа.

-Танай бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд долоон өдөр өлсгөлөн зарлалаа. Таны хувьд “Нэг талдаа гараач ээ. Тэрийх нь зөв, буруу шүү” гээд тодорхой хэлж болохгүй юу?

-Би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлыг хийдэг. Миний хувьд өнөөдрийг хүртэл хоёр талаа эвлэрүүлэхийн төлөө нилээд хүчин чармайлт гарган ажиллаа. Нэлээн уулзалтуудыг зохион байгуулж өөрөө ч оролцсон. Харамсалтай нь үр дүнд хүрсэнгүй. Эхэндээ намын гишүүд маань зөв бурууг ялгаж салгахыг хичээж байсан бол цаг хугацаа нь тулсан учраас тэр нь зөв, энэ нь буруу гэхийн оронд нэгдчихээчдээ гэж манай жирийн гишүүд аймаг дүүргүүдээс олноор ярьж хэлж байсан. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарах өдөр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөх З.Нарантуяа гишүүн бид хоёр мэдэгдэл хийн эвлэрч, нэгдэхийг уриалсан шүү дээ. Бас л үр дүнд хүрсэнгүй ээ. Ардчилсан намын бүлэг асуудлыг олон талаас ярилцаж цаашид зөвшилцөх цаггүй болсон учир 2 талаас хэн ч бүртгүүлж чадахгүй болох вий гэсэн болгоомжлол тулгарсан. Улстөрчдийн ретингийн судалгааг ч бид бас үндэслэж Н.Алтанхуяг гишүүнийг дэмжиж Сонгуулийн ерөнхий хороонд материалыг нь өгүүлэхээр болсон. Ардчилсан намын бүлгийн олонхын шийдвэр нэгэнт гарсан учир шийдвэрээ дагаж 13 гишүүн бүгд гарын үсгээ зурсан. Сонгуулийн Ерөнхий Хороон дээр асуудал хурцдаж гишүүд маань олон хоног өлсгөлөн зарласан. Энэ өлсгөлөнд оролцох зоригтой шийдвэр гаргасан эмэгтэй гишүүн А.Адъяасүрэнгээрээ бахархсан. Хамгийн гол нь гишүүдийнхээ эрүүл мэндийн асуудалд санаа зовнин сууж байлаа.

-Хуулийн дагуу шалгаж үзээд Н.Алтанхуяг гишүүнийг бүртгэхгүй байсан нь тодорхой байтал танай бүлэг болон та яагаад дэмжсэн юм. Та бүхний шийдвэр хагарлыг улам гүнзгийрүүлсэн?

- Би дээр хэлсэнчлэн улстөрчдийн ретингийн судалгаа, намын гишүүдийн санал зэрэг олон талаас нь ярилцсаны үндсэн дээр Ардчилсан намын бүлэг санал хурааж шийдвэр гаргасан. О.Цогтгэрэл даргын нам дээр цаасан санал хураалт явуулсан нь гишүүд илүү бодитой гэж үзсэн. Н.Алтанхуяг намын жирийн гишүүдийн олонхийн санал авсан учир дэмжээд явах нь зүйтэй гэдэг зүйлийг ч гишүүд олон талаас нь ярилцсан. Учир нь цааш зөвшилцөх хугацаагүй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчгүй болох эрсдэл байсан.  Одоо ч ойлгомжгүй тодорхой шийдэлд хүрээгүй зүйл их байна.

-Ярилцсанд баярлалаа.