Л.Баттөр: Манай улсад өвөрмөц буюу ковидын мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа

Л.Баттөр: Манай улсад өвөрмөц буюу ковидын мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа

УОК-ын мэдээллийг шууд дамжуулж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр "Хүүхдүүд, жирэмсэн эх болон эрүүл мэндийн шалтгаануудын улмаас вакциндаа хамрагдаж чадаагүй иргэд бий. Эдгээр иргэний дунд цар тахлын аюул хэвээр байгаа. Мөн вакцинаа хийлгэсэн ч халдвар авсан тохиолдол цөөнгүй гарсан. Эхний тунгаа хийлгэсэн иргэдийн нэг хүртэл хувь нь халдвар авсан.

Түүнчлэн хоёр дахь тундаа хамрагдсан ч өвчилсөн тохиолдол гарсан тул вакцинаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай байгаа.

Монгол Улсад коронавирусийн мутацилагдсан хэлбэрүүд илэрч байгааг өмнө нь мэдээлсэн. Монголын эрдэмтэд Япон улсад судалгааны ажил хийхэд манай улсад өвөрмөц буюу мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа. Иймд сорьцын тоог нэмэгдүүлж, өвчлөлийн хоруу чанар, хүндрэл тархалт нөлөөлж буй эсэхийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна.

Түүнчлэн зөөвөрлөгдсөн тохиолдлуудад мутацилагдсан хэлбэр орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Маргаашаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж байгаа ч иргэд сэрэмжээ алдахгүй байж, хайртай үр хүүхдүүд, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг хүсье. Гамшгийн зэрэглэл буурч буй ч эрсдэл хэвээр байгааг та бүхэн мартаж болохгүй" гэв. 

ҮЗЭХ: