Хөвсгөл аймагт өчигдөр гурван удаа 4-6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт өчигдөр гурван удаа 4-6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өчигдөр 16:30 цагийн үед нийслэл хотод болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн. Үүнийг албаны хүмүүсийн зүгээс өнгөрсөн нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан хөдлөлт хэмээн тайлбарлаж байсан юм. Тэгвэл өчигдөр Ханх суманд гурван удаа газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээлжээ.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Ө-51°15”36”, У-100°26”24”/ 05.03-ны өдрийн 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 16:51 цагт ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, Ө-51°16”12”, У-100°23”24”/ 05.03-ны өдрийн 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 17:17 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, Ө-51°10”48”, У-100°19”12”/05.03-ны өдрийн 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 22:21 цагт ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.