Г.Анарцэцэг: Манай савангийн үнэр гаргагчаас бусад нь бүгд органик, идэж болдог зүйлсээр хийгддэг

Г.Анарцэцэг: Манай савангийн үнэр гаргагчаас бусад нь бүгд органик, идэж болдог зүйлсээр хийгддэг

Isee.mn сайтын энэ удаагийн зочноор “Rich Mom Mongolia” брэндийн үүсгэн байгуулагч Гантөмөрийн Анарцэцэг уригдлаа. Г.Анарцэцэг өнгөрсөн онд хүүхдээ төрүүлэхээр ажлаасаа урт хугацааны амралт авч, өөхөн тосоор саван хийх сургалтад сууж байжээ.

Үүнээс хойш сонирхлоо даган интернетээс бичлэг үзэж, судалгаа хийсээр гоо сайхны төрөл бүрийн саван, ванны бөмбөлөг, тэр ч бүү хэл хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдийг өөрийн гараар хийж сурсан байна. Анх зөвхөн гэрийнхээ хэрэгцээг л хангах зорилготой эхэлсэн түүний “хобби” өнөөдөр аль хэдийн олон зуун үйлчлүүлэгчтэй, бизнес болон өргөжжээ.

ВИДЕО ҮЗЭХ:

-ХИЙХ ТУСАМ ШИНЭ САНАА ТӨРЖ, БАГА БАГААР САЙЖРУУЛСААР ӨНӨӨГ ХҮРСЭН-

-Бизнесийн санаагаа олсон түүхээс тань ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо. Уншигчдад маань их сонирхолтой санагдаж байгаа байх?

-Хүүхдээ төрүүлэхээр декрит /жирэмсний амралт/ авсныхаа дараа гэртээ юу хийж болох вэ, ямар хоббигоо ажил болгох вэ, санхүүгээ яаж зохицуулах вэ гэж нэлээн бодсон. Нэг өдөр фейсбүүкээс өөхөн тосоор барааны саван хийж болдог юм байна гэдгийг мэдэж, маш сонирхолтой санагдсан учраас онлайн сургалтад суусан юм. Үүнээс хойш интернетээс төрөл бүрийн бичлэг үзэж, судалгаа хийсээр  одоогийн бизнесээ бий болгосон. Анх бол гэрийнхээ хэрэглээг эко болгоё, бүх химийн гаралтай зүйлсээ хэрэглээнээсээ хасъя гэдэг л зорилготой эхэлж байсан. Яваандаа хүмүүст их хэрэгтэй юм байна, Монголчууд ийм зүйлсээр дутагдаж байгаа юм байна гэдгийг олж харж, цаашид бизнес болгохоор шийдсэн.   

-Яг хэзээнээс бизнесээ эхлүүлсэн юм бэ?

-2020 оны зун бүтээгдэхүүнүүдээ хийж сурч, арваннэгдүгээр сараас худалдаалж эхэлсэн.

-Та ямар мэргэжилтэй юм бэ. Магадгүй таны бизнес эзэмшсэн мэргэжилтэй тань холбоотой юм болов уу гэж бодлоо?

-Ямар ч холбоогүй ээ. Би Москвад барилгын инженерээр сурч, улаан дипломтой төгсөж байлаа. Монголдоо ирээд “М-Си-Эс Интернэйшнл”-д мэргэжлээрээ ажиллаж, Оюутолгой, Замын-Үүдэд томоохон станцуудын төслийг амжилттай хэрэгжүүлж дуусаад, хүүхдээ төрүүлэхээр урт хугацааны амралт авсан.

-Анх сургалтад суусны дараа хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийж байв. Одоо тэгвэл хэдэн төрлийн бүтээгдэхүүн болгож арвижуулаад байна?

-Анх зөвхөн эдийн саван хийж эхэлж байсан. Үүнийгээ цааш хөгжүүлэн гоо сайхны саван, хатуу шампунь, гарын саван, ванны давс, бөмбөлөг, лаа, биеийн гуужуулагч хийж сурсан.

-Танай бүтээгдэхүүний хийц үнэхээр уран, чамин юм. Бүтээгдэхүүний дизайныг та өөрөө гаргадаг уу?

-Тийм. Хийх тусам шинэ санаа төрж, бага багаар сайжруулсаар өнөөг хүрсэн. Яавал илүү гоё харагдах бол гэж харж, өөрийн мэдрэмжээрээ хийдэг гэх үү дээ.

-Малын өөх тосоор эдийн саван хийдэг гэхээр маш сонирхолтой санагдаж байна. Үйлдвэрлэлийнхээ үйл явцаас хуваалцвал?

-Идэшний улирал дуусахаар ээжүүд маань /төрсөн ээж болон хадам ээж/ малаас үлдсэн өөхөн тосоо хайлуулж, шаргайгаад цав цагаан, үнэргүй тос гаргаж надад өгдөг. Өөхөө ус шүлттэй холиод тусгай аргаар савангаа хийдэг.

-Ер нь бүх малын өөх боломжтой юу?

-Ер нь бол тийм. Ихэнхдээ хонь, үхэр, адууны өөхөн тосоор хийдэг.  

-Та хүмүүсийг өөхөө авчирч өгөөд саван хийлгэж болно шүү гэж пейж дээрээ бичсэн байсан. Хүмүүс хэр хандаж саван хийлгэж байна?

-Өвлийн улирал дуусахаар айл болгоны идэшнээс өөх үлддэг шүү дээ. Тиймээс хүмүүст чаддаг зүйлээрээ тус болъё гэж ийм санаа гаргасан юм. Өөхөө хайлж, шаргайгаад надад авчирч өгвөл эдийн саван хийж өгч болно. Зарим нэг хүн эхнээсээ авчирч өгч байна. Гэхдээ хөл хорионы үе учраас одоохондоо хүмүүс төдийлөн ирж чадахгүй байгаа.  

-НЭГ ШИРХЭГ САВАН ХИЙХЭД БҮТЭН САРЫН ХУГАЦАА ОРДОГ-

-Бүтээгдэхүүний орц найрлага олон төрөл байсан. Тухайлбал, наргил модны самрын тостой саван, чацарганатай саван гэх мэт. Орц найрлагуудаа яаж сонгодог вэ. Тодорхой хэмжээний судалгаа хийдэг байх?

-Тийм. Бүтээгдэхүүний түүхий эд маш чухал. Тиймээс судалгаа хийж, хамгийн эрүүл органик түүхий эдүүдийг сонгож авдаг. Таны хэлсэн наргил модны самрын тостой саванг хамгийн цэвэр 100 хувийн коконат ойл /coconut oil/-ыг сонгож, оливын тостой хольж хийдэг. Ер нь гоо сайхны савангууд тослогжилт өндөртэй байдаг. Үүнээс гадна чацарганатай, сүүлэн болон шар тостой савангууд бий. Мөн булууны яс буцалгаж гарсан чөмөгний тосоор нь хүүхдүүдэд зориулж саван хийдэг. Гэхдээ шар тостой, булууны тостой савангуудыг ихэвчлэн захиалгаар хийдэг. Ажиглаад байхад Монголчууд элдэв үнэрт дургүй байдаг юм байна лээ. Тиймээс сүүлийн үед ихэнхдээ коконат ойлоор саван хийх болсон.

-Нэг саванг хийхэд хэчнээн цаг зарцуулж байна. Та өөрөө гардаж хийж байна уу?

-Тийм. Бүтээгдэхүүн хийх үедээ хөдөлмөрийн хамгааллаа сахиж, амны хаалт, бээлий, нүдний шилээ тогтмол зүүнэ. Өрөөгөө агааржуулж, ариутгаад ганцаараа байхдаа ихэвчлэн хийдэг. Нэг саванг хийхэд 1-2 цаг зарцуулдаг. Хийсэн савангуудаа 24 цаг хэвэнд байлгаж, гаргаж авсаад 28 хоног хатаасны дараа хэрэглэдэг. Тэгэхээр нэг саванг хийхэд сарын хугацаа ордог гэсэн үг. Анх ус шүүлтээ буруу тааруулах, хэлбэр үзэмжгүй хийх,савангаа дааруулах гэх мэтээр туршлагагүйтэж байсан. Туршлагагүйтсэн бүтээгдэхүүнүүдээ гэрийн нөхцөлд өөрсдөө хэрэглэж дуусгадаг /инээв/.

-Дааруулна гэхээр яана гэсэн үг вэ. Саванг хатаахад тэгэхээр тусгай температур шаардагддаг гэсэн үг үү?

-Тийм. Саван хийх явцад шүлт нь халдаг. Тэр дулааныг нь алдагдуулахгүйн тулд хүүхэд өлгийдөж буй мэтээр хонуулдаг. Өвлийн улиралд саванг дааруулбал дээр нь нунтаг цагаан зүйл үүсэж, хөөсрөлт нь бага болчихдог. Тиймээс температурыг нь тааруулах их чухал.

-Савангаас бусад бүтээгдэхүүнээ яаж хийж сурсан бэ?

-Бусдыг нь youtube-ээс бичлэг үзэж, гадаадын бүтээгдэхүүнийг судалж хийж сурсан. Ер нь орос хэл дээр ийм төрлийн бүтээгдэхүүний судалгаа их байдаг.

-Зарим хүн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авахдаа чанарт нь их эргэлздэг шүү дээ. Таны бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүнээс юугаараа ялгарч чадна гэж бодож байна?

-Нэг үеэ бодвол хүмүүс гар аргаар хийсэн бүтээгдэхүүний ашиг тусыг мэддэг болсон юм шиг санагдаж байгаа. Үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд хугацаа уртасгагчтай, өнгө, үнэр оруулах химийн найрлагатай байдаг юм байна гэдгийг мэддэг хүн олон болсон. Бүтээгдэхүүнүүдийг маань хэр чанартай эсэхийг хэрэглэгчид л тодорхойлох байх. Хүмүүс нэг хэрэглэж үзээд л гэрийнхэндээ, аав, ээждээ, дүүдээ авмаар байна гэж дахин холбогддог. Хэрэглэгч нэмэгдэнэ үү гэхээс хасагддаггүй дээ /инээв/.  

-ҮНЭРЭЭС БУСАД НЬ БҮГД 100 ХУВЬ ОРГАНИК, ИДЭЖ БОЛДОГ ЗҮЙЛСЭЭР ХИЙГДДЭГ-

-Одоогоор хүүхдэд зориулсан хэчнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байна?

-Хүүхдийн саван, ванны бөмбөлөг, ванны давс хийж байна. Хүүхдийн бүтээгдэхүүн том хүнийхээс ялгаатай нь үнэр, өнгө оруулагч байхгүй. Ер нь  бүтээгдэхүүнүүдийн маань ганц үнэр нь л химийн аргаар бүтдэг. Бусад нь бүгд 100 хувь органик, идэж болдог зүйлсээр хийгддэг. Өөрийн хийсэн эдийн савангаар аяга тавгаа ч угаана, хүүхдийнхээ хувцасыг ч угаана, үрээд угаалгын нунтаг болгож, өөрсдийнхөө хувцсыг нь угаачихдаг.

-Цар тахлын нөхцөл байдал бизнесийн тань үйл ажиллагаанд нөлөөлж байна уу?

-Надад бол нэг их нөлөөлөөгүй. Манайх хүргэлтийн компаниар бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг учраас асуудал төдийлөн гарахгүй байгаа. Гэхдээ түүхий эдээ заримдаа авч чадахгүй тохиолдол гардаг. Тиймээс хөл хорио тавигдахаар түүхий эдээ нөөцөлж аваад, эргээд хөл хорионд орох үедээ бүтээгдэхүүнээ гэртээ хийж, хүргэлтээр худалдаалдаг.

-Бусад төрлийн түүхээ эдээ хаанаас авч байна?

-Чацарганын савангаа Монголын эмийн сангуудаар зарагддаг “Доктор” шар тосоор хийдэг. Ер нь 100 хувь эко гэсэн дотоодын бүтээгдэхүүнүүдийг түүхий эдээ болгож, сонгож авдаг. Яваандаа том үйлдвэрлэл болбол их хэмжээгээр захиалж авдаг болох байх. Одоохондоо дотоодын дэлгүүрүүдээс хамгийн чанартай гэснийг сонгож авч бүтээгдэхүүндээ хэрэглэж байна.

-Өөрийн хийсэн бүтээгдэхүүнийг ойр дотнынхон тань хэрэглэж буйг хараад сайхан мэдрэмж төрдөг байх даа?

-Мэдээж тэгэлгүй яахав. Айл руу очсон ч, зочин ирсэн ч өөрийн гараар хийсэн бүтээгдэхүүн бэлэглэх нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг. Манай гэрийнхэн ч бүгд маш сайн дэмждэг. Нөхөр маань захиалга амжихгүй үед зарим бүтээгдэхүүнийг хийхэд тусалдаг. Баяруудаар захиалга ихэсдэг учраас ээж, эгч маань тусалдаг.  

-Гарааны бизнес эхлүүлэхэд ямар бэрхшээл түгээмэл тулгарч байна?

-Асуудал нэг их тулгардаггүй ээ. Өдөрт охинтойгоо өнждөг болохоор унтаж байх хооронд нь бүтээгдэхүүнээ хийх л бага зэрэг хэцүү байдаг /инээв/.

-Таниас олон эмэгтэй улгэр дууриал авч байгаа байх. Магадгүй өөрийн бодож төлөвлөсөн зүйлээ ажил болгож, хэрэгжүүлж чадахгүй гэртээ суугаа ээжүүд ч байхыг үгүйсгэхгүй. Тэдгээр бүсгүйчүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Ганц бие эмэгтэйчүүд өдөр тутамдаа ажлаа хийж, өөртөө ч цаг зав их гаргаж  чаддаг. Гэтэл гэнэт нөхөр хүүхэдтэй болж, гэртээ удаан хугацаанд байгаад ирэхээр стрессдэж эхэлдэг. Тэр үедээ өөрийнхөө хоббиг олж, дуртай зүйлээрээ өөрийгөө сатааруулж, сэтгэл санаагаа тайвшруулж, стрессээ тайлахыг хичээгээрэй. Үнэхээр тэр нь амжилттай болбол цаашид бизнес болгох боломж Монголд бий шүү гэж хэлмээр байна. Нөгөөтээгүүр төрсний дараах сэтгэл гутрал, стрессээс гарахын тулд хоббитой болж шинэлэг зүйлсийг туршиж үзэж байх хэрэгтэй юм байна лээ. Би үүнээс л улбаалж хоббигоо олж, хөгжүүлж явна. Анх гэр бүлийнхэндээ, ядаж л таньдаг хүмүүстээ эко, органик бүтээгдэхүүн хийж өгье л гэж бодож эхэлсэн. Өнөөдрийн түвшинд хүрнэ гэж ерөөсөө бодоогүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.