Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт: Юуг ч мартаагүй!

Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт: Юуг ч мартаагүй!

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр таван байр урагшилсан таатай мэдээгээр 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй золголоо. Гэхдээ алга ташин биесдээ баяр хүргэхээс урьтаад энэ “шагнал” ямар үнээр ирж буй талаар дурдъя. Энэ үзүүлэлт сайжирсан нь цар тахлын үед төрийн зүгээс хэвлэн нийтлэх эрхэд халдаж байгааг сэтгүүлчид эсэргүүцэн нэгдэж буйг үнэлсэн нь тэр аж. Ер нь монгол сэтгүүлчид ийм тэмцэл дунд зүсэн зүтгэсээр ирсэн юм. Сайнтай, муутай ч нийгмийн хөгжлийг дагаад мөн сэтгүүл зүйн салбарынхны өөрсдийн хүчин чармайлтаар ахиц, дэвшил гарч л байна. Өнгөрсөн 10 жилд манай улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 14 байр (2011 онд 82, 2021  онд 68 дугаарт) ахисан ч эрх баригчид, улстөрчдийн шахалт, “дайсагнал” хэвээр. Энэ нь сонгууль дөхөхөөр бүр хурцадна. Найман телевизийн эфирээр улс төрийн зорилго, зохиол  нэвт ханхалсан мэдээллийн урсгал нэгэн зэрэг урсаж байгаа энэ үед салбарын нэр хүндийг бодсон ч, иргэдийн мэдэх эрхийг хүндэлсэн ч, жирийн нэг сэтгүүлчийн ажиллах урам сэтгэлийг бодсон ч төр, эрх баригчидтай ингэж “дотносож” болохгүйг дараах баримтуудаар өгүүлье.

2012 оны тавдугаар сар. СЕХ, ХХЗХ-ны төлөөлөл УИХ-ын сонгуулийн өмнө веб сайтуудын эрхлэгч, редакторуудтай уулзаж, сэтгэгдэл бичих талбарыг хаах саналтай байгаагаа дуулгав. Ингэвэл харин ч сонгууль шударга бус явагдлаа гэх хардлага нэмэгдэж, үймээн дэгдэх шалтгаан болж мэднэ гэж сэтгүүл зүйн салбарынхан хүчтэй эсэргүүцсэн учир зөвхөн 2012 оны УИХ-ын сонгууль дуустал веб сайтуудын сэтгэгдлийн талбарыг хаахаар болов. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд нийтэлсэн төлбөртэй материалаа санал хураах өдрөөс өмнө устгах ёстой, үгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн “явган” яриа гарснаар веб сайтууд сонгуулийн сурталчилгааны нэг сарын хугацаанд нийтэлсэн бүх нийтлэл, мэдээллээ устгав.

2013 оны нэгдүгээр сар. Засгийн газраас “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийн тухай тогтоол гаргав. Үүнд “цахим хуудасны сэтгэгдэлтэй холбоотой мэдээллийг системээс ашиглах, нягтлан шалгах” боломжоор хангахыг үүрэгдсэн байв. Иргэд сэтгэгдэл бичихийн тулд тус нэгдсэн санд овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар зэрэг мэдээллээ оруулна. Ингэж бүртгүүлэхгүй бол сэтгэгдэл бичих боломжгүй. Регистрийн дугаараа бүртгүүлсэн иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах уу? Төр иргэдийн сэтгэгдлийг цуглуулан “нягтлан, шалгах нь” хэнд ашигтай вэ? гэдэгт хэн ч хариулж дөнгөнө. Багагүй хугацаа зарцуулсан хэлэлцээр, уулзалт, эсэргүүцлийн үр дүнд сэтгэгдэл бичихэд IP хаягийг ил болгох (энд хүний хувийн нууцын асуудал хөндөгдөнө), нэр бичих хэсэгтэй байх зэрэг арай зөөлөн зохицуулалтууд хэрэгжиж эхэлсэн юм.

2014 оны тавдугаар сар. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийхийг хориглох санал оруулсан нь дэмжигдэв. Ингэвэл нэгд, төрийн мэдээлэл улам хаалттай болно, хоёрт, хэвлэлийн салбарынхны орлогын нэг эх үүсвэрийг хааснаар сэтгүүлчдийн ажиллах нөхцөл муудах учир санаачлагч нь тухайн жилийн “хэвлэлийн дайсан”-аар нэрлэгдэв. Өдөр тутмын сонинууд “Төр, ард түмнийг холбогч нь хэвлэл. Ард түмэн төрийн байгууллагын мэдээллийг авах эрхтэй” гэсэн бичгийг улс төрийн нүүртээ нийтэлж, тухайн өдөр нэг ч улс төрийн мэдээлэл гаргасангүй. Ийн эсэргүүцсэнээр дээрх санал биелээгүй юм.

2014 оны есдүгээр сар. УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралд зураглаачид орох эрхгүй болов. Нэгнийхээ өмнөөс кноп дарж байгаа, ширээгээ дэрлээд бөх гэгч нь нойрсож буй зэрэг “ёс бус” кадр авдаг зурагчдыг “олон улсын жишиг” гэсэн үгээр амыг нь таглаж, чуулганы танхимд орохыг хориглов. Мөн зурагчдыг таван байршлаас л зураг авах эрхээр “шагнав”.

2015 оны 12 дугаар сар. Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар зохицуулахаар заав. Сэтгүүлч хэн нэгнийг гүтгээгүй гэдгээ нотлохын тулд эх сурвалжаа зааж өгөх шаардлагатай боллоо. Гэхдээ сонгуульд нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол торгох, хорих ял шийтгэх заалтыг 2017 онд Эрүүгийн хуульд буцааж оруулсан.

2017 оны дөрөвдүгээр сар. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гүтгэсэн тохиолдолд 2-20 сая төгрөгөөр торгохоор тусгасныг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 10-100 сая төгрөг болгон нэмэх санал гаргалаа. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт тогтоох гэж буй оролдлого  хэмээн сэтгүүл зүйн салбарынхан эрс эсэргүүцэв. Телевизүүд эфирийн оргил цагаараа, сонинууд тэргүүн нүүртээ “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа!” гэсэн анхааруулга гаргасан билээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав дээрх саналаа татаж буйгаа даруй мэдэгдэв. Харин 2-20 сая төгрөгөөр торгох заалт батлагдсан юм.

2019 оны тавдугаар сар. Харилцаа холбооны тухай хуульд харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх, зохицуулалт орсон. Уг заалтыг УИХ-аар хэлэлцэх үеэр “нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор” хэмээн тайлбарлаж байсан бол эцэст нь хэвлэл мэдээллийг цагдан хянах агуулгагүйгээр баталсан. Гэхдээ энэ нь эрх баригчдад нийгмийн сүлжээг хянах санаархал байсаар буйг илтгэнэ.

2019 оны 12 дугаар сар. Зөрчлийн тухай хуульд “Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил” гэсэн бүлэг нэмэв. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл түгээхтэй холбоотой есөн заалт орсон. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчвөл 2-200 сая төгрөгөөр торгохоор хуульчилсан. Ингэснээр 2020 оны сонгуулийн үеэр хууль зөрчихөөс эмээсэн редакцууд эрэн сурвалжилсан, бүтээлч нийтлэл, нэвтрүүлгээс татгалзаж, сонгуулийг чимээгүйхэн өнгөрөөхийг илүүд үзэв.

2020 оны дөрөвдүгээр сар. Короновируст халдвар \ковид-19\-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуульд цар тахалтай холбоотой мэдээллийг үнэн бодит, баталгаатай эх сурвалжаас авах заалт оров. Үнэн бодит, мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, хүргэх нь сэтгүүлчдийн үүрэг. Гэхдээ энэ заалт бодит байдалд хэрэгжихдээ “баталгаатай эх сурвалж нь зөвхөн Засгийн газар, Эрүүл мэндийн яам” гэж буув. Хөл хориотой холбоотойгоор сэтгүүлчид мэдээллийг олон эх сурвалжаар баталгаажуулахад хүндрэлтэй болсон. Дээр нь “худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн айдсаас болж иргэд ч мэдээлэл өгөхөөс татгалздаг, редакцууд дээрх “баталгаатай”-гаас бусад эх сурвалжаас ч эмээдэг боллоо. Өнгөрсөн 11 дүгээр сард миний бие короновирусний халдвартай холбоотой мэдээлэл өгөхөөр нэгэн телевизийн сэтгүүлчтэй холбогдоход “зөвхөн Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг л баттай гэж үзэх чиглэл өгсөн. Таны мэдээллийн мөрөөр ажиллах боломжгүй” гэсэн юм. Энэ хуулийн төсөлд олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нийтэлсэн цахим хуудас, нийгмийн сүлжээг хаах, цахим орчинг зохицуулах журам  гаргах тухай санал мөн л цухалзаж байсан ч батлагдаагүй.

2020 оны наймдугаар сар. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш сэтгүүлчид төрийн ордны нэг цэгээс л мэдээлэл авдаг, эсвэл улстөрчид ярилцлага өгье гэж дуудсан үед нь очдог болсон. Хорио цээрийн дэглэм буурсан үед ч энэ хаалт, хориг хэвээр байгааг сэтгүүлчид эсэргүүцэн мэдэгдэл гаргав. Гэвч өнөөдөр ч байдал өөрчлөгдсөнгүй, хэвлэлийнхний ажиллах хүрээ хумигдмал хэвээр.

2020 оны 12 дугаар сар. Хууль зүйн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд худал мэдээлэл тараах гэмт хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн оруулах санал оруулав. Захиалгаар; хүүхдийн эрх зөрчиж; үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж; гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож; сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол хорих ял болон торгох ялыг хүндрүүлэхээр тусгажээ. Энэ нь мөн сэтгүүл зүйн салбарынхны эсэргүүцэлтэй тулсан. НҮБ-ын Хүний эрхийн хороодоос энэ төрлийн гэмт хэрэгт хорих ялын шийтгэл оногдуулахгүй байхыг зөвлөөд байхад л “хорино, барина” гэсэн санаагаа дахин дахин “шургуулсаар” байна. Мөн илт худал мэдээлэлтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хасаж, Иргэний хуулиар шийдэх боломжтойг хуульчид зөвлөсөөр атал зөрүүлээд “энэ заалт улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарахгүй” гэе хэмээн нүглийн нүдийг гурилаар хуурч байна. Энэ нь илт худал мэдээлэл тараасан гэх заалтыг Эрүүгийн хуулиас татахгүй гэсэн санаа.

Эрүүл мэндийн яам нь өглөө бүр сэтгүүлчдийн ажлыг өмнөөс нь хийж, “амрааж” байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн үед улс төрийн мэдээллийг эрэн сурвалжлах нөхцөл боломж хаалттай. Дуртай үедээ “эрхэм хүндэт” гэж цоллон сэтгүүлчдэд найр тавьж дууддаг, дургүй үедээ “шантаажчин, худал мэдээлэл тараагч” гэж цоллодог, хууль, журмаар шавхан хавчихыг санаархдаг улстөрчдийн оролдлогуудыг дурдвал уншихаас залхмаар уртаас урт жагсаалт гарахаар байна.  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг сайжруулна гээд дордуулсан заалт оруулж ирнэ, бусад хуулиар дамжуулан агуулгыг хянах “барьц”-аа лавшруулна. Дээр сэтгүүлчид нэгдэн эсэргүүцсэн баримтуудаас заримыг нь л цухас дурдав. Харин редакц, сэтгүүлчид дангаараа тэмцсэн шударга бус тохиолдлууд түүнээс нэн олон. Эдгээрийг олон нийт сонирхоогүй, мэдээгүй, ойлгоогүй, мэдсэн нь мартсан байлаа ч сэтгүүл зүйн салбарынхан юуг ч мартаагүй. Сэтгүүлчид эрхэлсэн ажилдаа эзэн болж, дурлаж, айх айдасгүй,  түгших хүлээсгүй,  үнэний төлөө явахын тулд эрх зүйн орчин чухал. Сэтгүүл зүй бол мэргэжлийн холбоодтой, түүчээлэгч сэтгүүлчидтэй, өөрийн зохицуулалттай салбар. Харин эрх зүйн орчинг нь сайжруулна гэж эхлээд дордуулдаг үе үеийн эрх баригчдын хандлага, үйлдэл өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний хамгийн том дайсан болоод байна.

МУИС-ийн СЗОНХТ-ийн багш, докторант Б.Баярмаа