Гэмт хэрэг үйлдсэн Ц.Анандбазарыг бус баримт гаргасан сэтгүүлчдийг шалгаж байгаад нь гайхаж байна

Гэмт хэрэг үйлдсэн Ц.Анандбазарыг бус баримт гаргасан сэтгүүлчдийг шалгаж байгаад нь гайхаж байна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хууль бус үйлдлийн талаар иргэн Б.Сүндэръяа анх олон нийтэд ил болгосон. Үүний дараа түүний хууль бус үйлдлээс болж сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон олон охид эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэн “Metoo” аяныг эхлүүлээд байгаа юм.

Мөн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар “Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл”  нэвтрүүлгийг энэ сарын 25-ны өдөр олон нийтэд цацсан бөгөөд үүний дараахан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь тус сэтгүүлчдийг цахим орчинд гүтгэх болон сайтад нь халдаж ажиллагаагүй болгох зэрэг үйлдлийг үйлдсэн байх магадлалтай нөхцөл байдал тогтоогдоод байсан юм. Мөн тус сэтгүүлчдийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас дуудан шалгасан бөгөөд өнөөдөр өглөө мөн тэднийг холбогдогчоор дуудан шалгах чиглэлийг Улсын ерөнхий прокуроос цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Иймд сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр 14.00 цагаас Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд шаардлага хүргүүлж байна.

Энэ үеэр сэтгүүлч Ц.Анхзул “Нэвтрүүлэг цацагдсаны дараа бид хоёрыг цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. Тэр үед бид хоёр бүх эх сурвалж, баримтуудаа тодорхой тайлбарласан. Гэтэл бид хоёрыг гэрчээр дуудаж байснаа одоо холбогдогчоор татаж байна. Энэ нь хууль зүйн үндэслэл байхгүй юм байна. Ц.Анандбазар гэдэг хүн одоог хүртэл олон нийтэд тайлбар мэдүүлэг өгөөгүй, өөрийнх нь нэр хүндэд халдсан гэж УЕПГ-т гомдол гаргаагүй байхад УЕПГ түүний өмнөөс нэр хүндэд нь халдсан гэсэн шалтгаанаар сэтгүүлчдийг дуудаж байгаад маш их гайхаж байна.

Сэтгүүлч С.Будрагчаа “Бид хоёр баримттай нэвтрүүлэг цацаад тухайн хүнд хариуцлага тооцно гэж итгэж найдаж байсан. Гэтэл эсрэгээрээ бид хоёр буруутан болоод Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцуулах гэж байна. Хууль, шүүхийн байгууллага энэ хүртлээ ялзарсан гэж үнэхээр бодсонгүй. Энэ байдлаараа байх юм бол цаашид мянга мянган охид эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болсоор байх юм байна" гэж мэдээллээ.