УИХ-ын гишүүд эмч нарт туслах “Баярлалаа” аян эхлүүллээ

УИХ-ын гишүүд эмч нарт туслах “Баярлалаа” аян эхлүүллээ

Коронавирусний халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын дархлааг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ц.Туваан, Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар нар “Баярлалаа” аян эхлүүлж буйгаа өнөөдөр танилцууллаа.

Аяны хүрээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Enica organic impex” компанийн нэрийн 28 мянган ширхэг бүтээгдэхүүнийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгох аж. Энэхүү аяныг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд мөн дэмжиж буйг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор онцолсон юм. Тэрбээр, “Цар тахлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг мөн энэхүү аянд хамруулах болно. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал, амралт, цалин хөлсний асуудлыг шинэ менежментэд шилжүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад УИХ-ын гишүүд санаачилгатай ажиллах болно” гэсэн. 

Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, “Улс орон бүрт алтан гарт эмч нартаа баярлалаа гэсэн аяныг хэрэгжүүлж байгаа. Завхан аймагт нөхцөл байдал хүнд байгаа. Энэ аяны хүрээнд Улаанбаатар хотод ажиллаж буй Завхан аймгийн найман эмч өнөөдрөөс төрсөн нутагтаа ажиллаж, тэнд байгаа эмч нартаа туслан, сайн туршлагаа хуваалцах боллоо. Мөн УИХ дахь Монгол, Энэтхэгийн парламентын бүлгээс Энэтхэгийн ард түмэнд туслах аян өрнүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс 100 сая гаруй төгрөг цугласан. Үүнийг өнөөдөр БНЭУ-ын Засгийн газрын дэргэдэх байгууллага руу шилжүүлж байгаа” гэсэн юм.