Д.Энхбат нийслэлд АН-ын саналыг хувааж, хөдөөд санал авч чадалгүй ЯЛАГДАНА

Д.Энхбат нийслэлд АН-ын саналыг хувааж, хөдөөд санал авч чадалгүй ЯЛАГДАНА

УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-д өгөх сонгогчдын саналыг МАХН-ын хуваадаг байв. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, МАХН нэгдсэн нь “санал нь хуваагддаг” байдалд МАН цэг тавилаа. 

Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшсэн нь МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын саналыг сайтар хувааж чадсан. С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтад нийт сонгогчдын 30 гаруй хувийн санал авч, хоёр шатны санал хураалт  явуулах нөхцлийг бүрдүүлсэн.Товчхондоо тэр байгаагүй бол, эхний санал хураалтаар М.Энхболд ялалт байгуулах боломж байсан юм.

Тэгвэл одоо АН-ын саналыг Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/ хуваадаг болоод байна. 

Тухайлбал, “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт Үндсэн хууль зөрчиж байна хэмээн ХҮН-ын дарга Т.Доржханд тэргүүтэй залуус цэцэд хандсанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших боломжийг хаасан. Тэгвэл одоо ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбат АН-ын нэр дэвшигчид өгөх саналыг Улаанбаатар хотод сайтар хувааж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нөхцөлийг хангаж өгнө гэж судлаачид үзэж байна. 

- Д.ЭНХБАТОРОН НУТАГТ СҮЛЖЭЭГҮЙТОМ НАМЫН ДЭМЖЛЭГГҮЙ СОНГУУЛЬ ХИЙХ ХЭЦҮҮ-

"Зөв ХҮН электорат" эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр Дангаасүрэнгийн Энхбатыгтодруулсан. Д.Энхбат нь 2008-2012 оны хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нэгэн юм. Түүнийг Датакомын Энхбат, Форумын Энхбат, Ногоон намын Энхбат хэмээн янз бүрээр дууддаг.

Түүнийг 2008 оны долдугаар сарын 01-ны өдрийн жагсаалыг зохион байгуулсан гэдэг ч тэрээр “би долдугаар сарын 1-ний жагсаал дээр ерөөсөө тавхан минут л байсан. “Иргэний эвсэл”-ийн тэргүүний учир тэнд очиж үг хэлсэн маань миний хувьд үүрэг байсан” гэдэг. 

Мөн Д.Энхбат 2009 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн ажлыг би хийж чадна. Яагаад гэвэл би үүнд бэлтгэгдчихсэн. Гэхдээ өнөөдөр хоёр зүйлд эргэлзэж байна. Юу вэ гэхээр, Монголд улстөрийн намын тогтолцоо маш хүчтэй. Энэ тохиолдолд орон нутагт сүлжээгүй, том намын дэмжлэггүй сонгууль хийхэд үнэхээр хэцүү. Үүнд маш их хөрөнгө орно. Хоёрдугаарт, сонгууль өөрөө шударга болдоггүй” гэж байжээ.