Энэтхэгт байгаа МОНГОЛ ИРГЭН: Мутацилагдсан коронавирусээр өвчлөөд эдгэрч байна. Эмч ханиалгыг сонсоод л шууд мэдсэн

Энэтхэгт байгаа МОНГОЛ ИРГЭН: Мутацилагдсан коронавирусээр өвчлөөд эдгэрч байна. Эмч ханиалгыг сонсоод л шууд мэдсэн

Цар тахлын “давлагаанд” нэрвэгдсэн Энэтхэг улсын нөхцөл байдал сүүлийн хоёр долоо хоног дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тус улсад шинээр бүртгэгдэх халдварын тоо эрчимтэй нэмэгдэн, эмнэлгийн нөөц хүрэлцэхээ байж, нас барсан иргэдээ гудамжинд чандарлаж буй нүд халтирам дүр зургийг та  олон улсын хэвлэлүүдээс харсан биз ээ.

Тэгвэл энэ бүхнийг өөрийн нүдээр үзэж, Энэтхэгт амьдарч буй Монгол Улсын иргэнтэй бид холбогдлоо. Тэрбээр халдварын тархалт хамгийн өндөр Шинэ Дели хотод амьдарч байгаа бөгөөд мутацилагдсан коронавирусээр өвчилж, одоо гэрээр эмчлүүлж байгаа юм. 

-ЗАРИМ ХЭВЛЭЛЭЭР ГАРЧ БАЙГАА ШИГ ГУДАМЖНУУД НЬ УТААГААР ДҮҮРЧ, НАС БАРСАН ИРГЭДЭЭ ГУДАМЖИНД ЧАНДАРЛАСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ-

-Сайн байна уу. Та Энэтхэгт хэзээ очсон бэ. Одоо Энэтхэгийн хаана амьдарч байна?

-Сайн. Сайн байна уу. Намайг Б /ярилцагчийн хүсэлтээр нэрийг нууцалсан болно/гэдэг. Би 2021 оны хоёрдугаар сарын 24-нд эмчилгээний шугамаар Энэтхэгт ирсэн. Одоо Шинэ Дели хотод амьдарч байна.

-Энэтхэгт сүүлийн хоёр долоо хоногт ковидын нөхцөл байдал хүндэрч байгааг бид олон улсын мэдээнээс харж байлаа. Та энэ бүхнийг нүдээр харж, амьдарч буйн хувьд одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

-Намайг анх ирэхэд халдварын нөхцөл байдал харьцангуй гайгүй, өвчлөл бага, иргэдийнх нь аж амьдрал нь хэвийн байсан. Харин дөрөвдүгээр сарын эхээр өвчлөл огцом нэмэгдэж, Энэтхэгийн Засгийн газар мөн сарын 19-нөөс тавдугаар сарын 3-ныг хүртэл оройн цагаар хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Иргэдийг  онцын шаардлагагүй  л бол эмнэлгийн байгууллагад очихгүй байхыг зөвлөж байгаа. Шинээр илрэх халдварын тоо өндөр байгаагийн зэрэгцээ эмнэлгийн орны хүртээмж ховордож, эм тарианы хэрэглээ огцом нэмэгдсэн тул хомсдол үүсэж эхэлсэн.

Гэхдээ Энэтхэгийн ард түмэн урд нь хөл хорионд орж үзсэн туршлагатай болохоор харьцангуй тайван хүлээцтэй хандаж байгаа нь ажиглагдаж байна. Өвчилсөн хүмүүсийн 85 хувь нь хүндрэлгүй эдгэрч байгаа бол 15 хувь нь хүндэрч байгаа талаар эмч нар мэдэгдсэн.

-Та сая эм, тарианы хэрэглээ нэмэгдсэн гэж хэллээ. Халдвар хамгааллын хэрэгсэл, тухайлбал амны хаалт, гар ариутгагч гэх мэт зүйлийн хүртээж хэр байгаа вэ?

-Амны хаалт, гар ариутгагчийн хүртээмж сайн байгаа. Хомсдол үүсээгүй. 

-Энэтхэгийн Засгийн газраас халдварыг хумих чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг авч байна?

-Дели хотод хатуу хөл хорио тогтоосон. Түүнчлэн хүн ам ихтэй, халдварын тархалт өндөр зарим газрууд тухайлбал, Гургаон дүүрэгт орой 18.00 цагаас хойш хөл хорио тогтоож байна. Ингэснээр дэлгүүр болон албан байгууллагууд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Ер нь оройн цагаар хөл хөдөлгөөнийг багасгах шийдвэр гаргасан нь зүйтэй санагдсан.

-Энэтхэгчүүд хөл хориог хэр хүлээж авч байна вэ. Ер нь Засгийн газрынхаа шийдвэрийг хэр хүлээн авч байна?

-Энэтхэгчүүд хөл хориог их тайван хүлээж авч байгаа. Өнөөдөр гаргасан шинэ шийдвэрийн дагуу Дели хотын хөл хориог дахин нэг сараар сунгах болсон. Иргэд нь ч уг шийдвэрт маш тайван хандаж сарын дараа өвчлөл бураад хэвийн болно гэж итгэж байна. Энэтхэгт 45 хүртэлх насныхны вакцинжуулалтыг V сарын 1-ээс эхлэхээр болсон. Хүн амын 67-70 хувийг 45 хүртэлх насныхан эзэлдэг учраас вакцин хийлгэчихлээр өвчлөл буух нь тодорхой гэж хоорондоо ярьж байгаа. Мэдээж засгийн газрыгаа халдварын эсрэг хангалттай бэлтгэл хийгээгүй, бусад улс оронд тусламж үзүүлж өөрсдийн иргэдээ орхисон гэж шүүмжлэлтэй хандаж буй хүмүүс бас бий. Гэхдээ ихэнх иргэд нь бухимдахаасаа илүү нэг нэгэндээ тусалж, өөрсдөө асуудлаа боломжоороо шийдэхийг хичээж байгаа харагдсан. 

-Дели хотод эмнэлгийн нөөц дутмаг, нас барсан иргэдийг гадаа ил чандарлаж байгаа зургууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр их түгж байгаа. Сүүлд цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоолуудыг чөлөөлж, талийгаачдыг чандарлаж байгаа талаар мэдээ гарсан. Үнэхээр тийм зүйл болж байгаа хэрэг үү?

-Үнэндээ зарим хэвлэл мэдээллээр гарч байгаа шиг гудамжнууд нь утаагаар дүүрч, нас барсан иргэдээ хаа сайгүй чандарласан зүйл бахйгүй. Энэтхэгчүүд хүн өөд болоход ил чандарладаг учраас тусгай газруудад очдог заншилтай. Мэдээж чандрын газрууд нь ачаалал ихтэй, нүд халтирам дүр зурагтай байгаа ч гудамжинд ил цогцос шатаах тохиолдол гараагүй. 

Энэтхэгийн засгийн газар гамшгийн үеийн менежментийн горимд шилжсэнээ зарлаж, Дели хотын хувийн эмнэлгүүдийн 80 хувь хүртэлх оруудыг төрийн мэдэлд шилжүүлэх тусгай тогтоол гаргаснаар эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх маш зөв алхам болсон. Ер нь Засгийн газар нь хувийн эмнэлгүүд байгуулахад тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх бодлоготой, эргээд тухайн хувийн эмнэлгүүдэд төрийн албан хаагчид үнэгүй үйлчлүүлдэг бөгөөд онцгой байдал, гамшгийн үед тухайн хувийн эмнэлэг нь засгийн газартай хамтарч ажиллах үүрэг хүлээдэг юм байна лээ. Энэ нь их зөв санагдсан. 

-ТУРШЛАГАТАЙ ЧАДВАРТАЙ ЭМЧ НАР КОВИДЫГ ШИНЖ ТЭМДГЭЭР НЬ ШУУД Л ОНОШИЛЧИХДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ-

-Та вакцин хийлгэсэн үү. Халдвараас өөрийгөө хэрхэн хамгаалж байна?

-Би одоогоор вакцин хийлгэж амжаагүй явна. Энд тавдугаар сарын 1-ээс эхлэн 45 хүртэлх насныханд вакцин хийж эхэлнэ. Тэр үеэр вакцинаа хийлгэхээр хүлээж байна. Халдвараас сэргийлж амны хаалт тогтмол зүүн, амин дэм хэрэглэж байгаа. Хөл хориотой учир гадуур гарахгүй байна.

-Халдварын тархалт бусад салбарт нөлөөлж байгаа нь мэдэгдэж байна уу?

-Намайг анх Энэтхэгт ирэхэд бүхий л салбарууд нь хэвийн ажиллаж байсан боловч хөл хорио тогтоосноос хойш зөвхөн зайлшгүй шаардлагатай газруудын үйл ажиллагааг зөвшөөрсөн. Мөн зарим газрууд цагийн хязгаарлалттай ажиллаж эхэлсэн. Хүнсний дэлгүүрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Харин хүнсний захууд одоогоор ажиллахгүй байна. Миний хувьд гадуур гарахгүй байгаа учраас хүнсээ онлайнаар захиалж авдаг. Гэхдээ хөл хорионы улмаас хүргэлт удааширч зарим тохиолдолд нэг хоёр өдрөөс хойшилдог болсон. 

-Та Монголдоо ирэх хүсэлт гаргасан уу?

-Одоогоор Монгол руу буцах хүсэлт гаргаагүй байна. Учир нь би 4 дүгээр сарын дундуур мутацилагдсан коронавирусээр өвчилсөн. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Эндээ бүрэн эмчлүүлж, вакциныхаа хоёр тунг хийлгэсний дараа нутаг буцах бодолтой байна.

Халдвар авснаа мэдэх үед эмч эмчилгээ бичиж өгсөн. Эмчийн бичиж өгсөн эмүүдийг гурав хоног уусны дараа биеийн байдал сайжирсан. Одоо бол нэмэлтээр амин дэм ууж гэрийн дэглэм сахиж байгаа.

-Мутацилагдсан коронавирусийн халдвар авсан гэдгээ яаж мэдсэн бэ. Халуурах, амт үнэр мэдрэхээ болих зэрэг өөр шинж тэмдэг илэрсэн үү. Гадаадын хэвлэлүүдэд бичиж буйгаар мутаци илүү хүнд өвчлүүлдэг гэж байсан?

-Муцилагдсан коронавирус туссаны дараа биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэж, суулгадаг юм байна лээ. Эмч гүйлгэлтийн шинж тэмдгээр нь ковид болохыг тогтоосон. Харин нөхөр маань үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдсан. Миний хувьд эсрэгээрээ амтлах мэдрэмж илүү хурц, бас эмзэг болсон. Эхний 10 гаруй хоног зөвхөн гэдэс гүйлгэж байсан бол 14 дэх хоногоос хоолой хөндүүрлэн хуурай ханиалгаж, нэг өдөр халуурсан. Яг тэр өдөр эмчтэй ярьж таарсан юм. Эмч ханиалгыг маань сонсоод шууд л "ковид туссан байна" гэж хэлсэн. Эмчилгээ бичиж, нэн даруй эхлүүлэхийг зөвлөсөн болохоор шинжилгээний хариугаа аваагүй байсан ч эмчийн бичиж өгсөн эмүүдийг хэрэглэж эхэлсэн. Маргааш нь шинжилгээ ч эерэг гарсан. Туршлагатай чадвартай эмч нар ковидыг шинж тэмдгээр нь шууд л оношилчихдог юм байна лээ.

-Ямар эмчилгээ бичиж өгсөн бэ. Монголд гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд ихэвчлэн витамин С, Д уух, халуун хоолоо сайн идэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байгаа. Энэтхэгийн хувьд ямар байна?

-Эмч нийт 4 эм бичиж өгсөн.

  1. Хамрын хөндийн бөглөрлийн эсрэг эм
  2. Үрэвслийн эсрэг антибиотик
  3. Бактерийн эсрэг үйлчилгээтэй эм
  4. Хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг дэмжих эм

Үүнээс гадна халуурвал парацетамол 650 болон оксиметрээр цусан дахь хүчил төрөгчөө хэмжин 92 хувиас доош орвол нэмэлтээр хэрэглэх эмүүд бичиж өгсөн. Мөн нэмэлтээр мультивитамин, С болон Д витамин хэрэглэж байгаа. Бас уушгины хямрал үүсэхээс урьдчилан сэргийлж "nebulizer” буюу хүчил төрөгчийг уушгинд дэмжиж өгөх төхөөрөмжийг нэмэлтээр хэрэглэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөсөн.

-ӨӨРСДӨӨ ХҮН АМ ИХТЭЙ Ч ГАДААДЫН ИРГЭДЭД АНХААРАЛ ТАВЬЖ БАЙГАА НЬ САЙХАН САНАГДСАН-

-Ер нь гадаадын иргэдэд эмч нар хэр анхаарал тавьж байна. Таны хэлснээр бол утасдаж, зөвлөгөө өгсөн юм байна?

-Энд ковидын шинжилгээг дуудлагаар ирж авдаг үйлчилгээ байхад захиалга өгч шинжилгээнд хоёр удаа хамрагдсан. Эерэг гарсан хүмүүсийн мэдээллийг нэгтгээд эрүүл мэндийн газруудад хүргэдэггэж  ойлгосон. Миний хувьд ковидоор өвчилснөө зөвхөн гэрийнхэндээ мэдэгдсэн байсан. Гэтэл Дели хотын эрүүл мэндийн газраас утасдаж биеийн байдлыг маань асуухад их гайхсан. Өөрсдөө хүн ам ихтэй ч гадаадын иргэдэд анхаарал тавьж байгаа нь сайхан санагдсан. Мөн халуун зүйл сайн ууж, ямар хоол идвэл зохимжтой талаар зөвлөгөө өгсөн. Монголчууддаа хэлэхэд коронавирусийн тархалтыг хянахад маш хэцүү. Тиймээс гэртээ байснаар хайртай хүмүүсээ хамгаалж, өвчлөхгүй байх боломжтой. Харин нэгэнт өвдсөн тохиолдолд айж сандралгүй эмчийн зөвлөмжийг дагавал бүрэн эдгэрэх боломжтой шүү гэдгийг онцолж хэлмээр байна.

-Ковидоос бусад төрлийн эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байна уу?

-Хэвийн явагдаж байгаа. Харин хүчилтөрөгч шаардагдах хагалгаануудыг урьдчилан төлөвлөж, хүчилтөрөгч ашиглах зөвшөөрөл авдаг болсон.

-Та эмчилгээгээр очсон гэж байсан шүү дээ. Ковид халдвар авсны дараа таны эмчилгээнд өөрчлөлт орсон уу?

-Тийм ээ. Миний хувьд эмэгтэйчүүдийн эмчилгээ хийлгэж байсан ч халдвар авснаа мэдээд үндсэн эмчилгээгээ зогсоосон. Халдвараа бүрэн эмчилсний дараа үндсэн эмчилгээндээ эргээд орно.

-Эмийн сангуудад эмийн нөөц хэр байгаа вэ. Мөн үнэ өсөж байна уу?

-Хэвийн үеэс арай хомсдолтой  болсон ч витамин Д, С гэх мэт дархлаа дэмжих эм, бэлдмэлүүд олдож байгаа. Үнийн хувьд улсаас нь тогтоосон борлуулалтын дээд хэмжээнээс хэтэрдэггүй бодлого сайтай. Харин ковидын өвчлөл хүндэрсэн тохиолдолд хэрэглэгддэг эмүүд ховордож, үнийн хөөрөгдөл үүссэн.

-Та эдийн засгаа бас яаж зохицуулж байна?

-Энд эм тарианы үнэ нь харьцангуй боломжийн учир одоогоор хэвийн зохицуулж болж байгаа. Ер нь Энэтхэг улсын эмчилгээ нь бусад улс орнуудтай харьцуулбал тун боломжийн байдаг. Зарим эмчилгээ нь Солонгосоос 3-4 дахин, АНУ-аас 10 дахин, Туркаас 1,5-2 дахин хямд байх жишээтэй. Гол нь Энэтхэг улс руу эмчилгээнд ирэхдээ эндхийн эмнэлгүүдийг сайн мэддэг, албан ёсны төлөөлөгчийн газарт хандах нь маш чухал санагдсан. Энд сурангаа үндсэн сургалтаасаа илүү хувиараа орчуулагч хийж эмнэлэгтэй холбож өгч буй хүмүүс байгаа ч яг асуудал үүсэхэд тэд эмнэлгээс цалинждаг болохоор шийдэж өгч чадахгүй, үл ойлголцол үүсэх тохиолдол гардаг юм байна лээ. Харин албан ёсны төлөөлөгчид эмнэлгүүдтэйгээ гэрээтэй учир асуудлыг шийдвэрлэхэд илүү тусалдаг юм шиг санагдсан. 

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.