Манай тамирчдын оролцсон боксын ДАШТ-ий үеэр 19 настай тамирчин гэмтлийнхээ улмаас амиа алджээ

Манай тамирчдын оролцсон боксын ДАШТ-ий үеэр 19 настай тамирчин гэмтлийнхээ улмаас амиа алджээ

Энэ сарын 10-23-нд Польш улсын Кельце хотноо болж өнгөрсөн Сонирхогчдын Боксын Залуучуудын ДАШТ-нд оролцсон 19 настай боксчин тэмцээн дээр авсан гэмтлийнхээ улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус тамирчин нь Иордан улсын иргэн Рашид Аль-Свайсат гэх 19 настай залуу байсан бөгөөд Эстони улсын тамирчин Антон Виноградовтай 81 кг-ийн жинд тулалдсан юм. Тулааны гуравдугаар үед Рашид ухаан алдан унасан бөгөөд эмч нар түргэн тусламжаар эмнэлэгт хүргэн, тархинд нь мэс засал хийсэн ч тулаанаас 10 хоногийн дараа амьсгал хураасан байна.

Иорданы Олимпийн хороо (JOC) түүнийг өчигдөр шөнө нас барсан гэж мэдэгдэн эмгэнэл илэрхийлсэн бөгөөд Польш улсын цагдаа нар түүний сүүлчийн тулааны нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Гэсэн ч тулааны үеэр гэмт хэргийн шинжтэй зүйл ажиглагдаагүй тул мөрдөн байцаалт явагдаагүй байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө түүний талаар “Рашид Аль-Свайсат амьдралынхаа төлөө тэмцэж байна” гэх мэдээллүүд бокс сонирхогчдын дунд цацагдаад байсан.

Тус тэмцээнд манай улсын тамирчид болох Х.Хулан, Э.Сүхбат нар амжилттай оролцож хүрэл медалийн болзол хангаад байсан билээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө