Д.Сумъяабазар: Хотынхоо хөгжлийг харахаар заримдаа “арай ч дээ” гэж боддог

Д.Сумъяабазар: Хотынхоо хөгжлийг харахаар заримдаа “арай ч дээ” гэж боддог

Энхтайваны гүүрийн засварын ажил өчигдөр/2021.04.29/ эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гүүр засварын ажилтай танилцлаа. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Энхтайваны гүүрийг одоо байгаа нөхцөлд л улам сайжруулах, засах ажлыг хийж байна. Хөл хорионы цаг хугацааг ашиглаж, замын хөдөлгөөн чөлөөтэй байгаа дээр гүүрэн байгууламж, зам засах ажлуудыг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж хийж байна.  

Мөн хашаа, хороо, хайстай холбоотой асуудал байна. Зөвшөөрөлгүй барьсан бүх хайс, хашлагуудыг хуулийн дагуу албадан буулгах ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр хотод зай багтаамж, зогсоол хомс байна. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг ногоон байгууламж хэрэгтэй байна. 

Мөн мянган автобус оруулж ирж, орчин үеийн шаардлагад нийцсэн нийтийн тээврийн үйлчилгээг хотод нэвтрүүлэх шаардлагатай байна. Манайх шиг 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй, нийтийн тээвэртэй хот дэлхийд бараг байхгүй.

Энэ бүрийн цаана дандаа санхүү, мөнгөний асуудал яригдаж байна. Хөрөнгө мөнгө, санхүүгээ шийдье гэхээр эрх зүйтэй холбоотой асуудал тулгардаг. Тиймээс эдгээр асуудлыг засахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Цаашид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиасаа эхлээд эрх зүйн шинэчлэл хийнэ. Үүний араас эдийн засгийн, засаглалын шинэчлэлээ хийж ажиллана. 

Хотын хөгжил бол улсын хөгжлийн нүүр царай. Хотынхоо хөгжлийг харахаар заримдаа “арай ч дээ” гэж боддог. Өнөөдөр бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа билээ. Бусад дэлхийн томоохон хотуудад очиход яаж хүлээж авдаг билээ. Тиймээс хотынхоо хөгжлийн төлөө дээр дурдсан гурван ажлыг хийхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана” гэв.

ҮЗЭХ: