Н.Уртнасан: Нийт хүн амын 82.5 хувийг ундны цэвэр усаар хангагдаж байна

Н.Уртнасан: Нийт хүн амын 82.5 хувийг ундны цэвэр усаар хангагдаж байна

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан 14.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссон юм. Тодруулбал, усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярив. 

Тэрбээр “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу усны нөөцийн төлбөрт жилд 40-47 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Орлогын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Гэвч ус рашааны нөөц ашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг усны орчныг хамгаалах, нөөцийг нөхөн сэргээх ажилд зарцуулах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, 2020 онд 45.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн ба 15.8 тэрбумаас багагүй хөрөнгийг усны нөөцийг хамгаалах нөхөн сэргээхэд зарцуулахаас 9.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Монгол орны нутаг дэвсгэрт олон жилийн дунджаар 608.4 км куб усны нөөц бүрэлдэн бий болдог байсан бол сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 564.8 км куб болон багасчээ. 2020 оны байдлаар 180 нуур, 116 гол горхи, 381 булаг шанд хатаж ширгэсэн байна. Манай орны ус ашиглалт хэрэглээ жилд 500 гаруй сая метр куб байдаг. Гэтэл сүүлийн жилд 570-590 сая метр болж нэмэгдсэн. Энэ байдлаарааа 2030 онд усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэхэд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна.

Үүнд,

  • Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон урт дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө мөнгөний асуудлыг бүрэн шийдвэрлэх,
  • Гадаргын усыг хуримтлуулан усны нөөцийг нэмэгдүүлэх, усан цогцолбор байгуулах ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх
  • Говь хээрийн бүсийн газрын доорх цэнгэг усны ордыг улсын тусгай хамгаалалтад авах,
  • Уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэрүүдэд 2030 оноос эхлэн газрын доорх ус ашиглуулахгүй байх.Энэ хугацаанд гадаргын усаар хангах төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулах,
  • Улаанбаатар хотын усан хангамжид газрын доорх уснаас гадна гадаргын усны нөөцийг ашиглах хосолмол эх үүсвэртэй болгох,
  • Хот суурингийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв. 

Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа:- Өвчлөл их байна. Ус эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд иргэд асуулт их ирүүлдэг. Иргэдийн хэрэглэж байгаа усны хэдэн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан бэ. Судалгаа шинжилгээний зардалд хэр их мөнгө зарцуулдаг юм бол. 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан: -Усны судалгаа шинжилгээний ажилд жилд 400 орчим сая төгрөгийн төсөв төлөвлөгддөг. Усны мэргэжилтэн, судлаачдын хэлж буйгаар гүний усны судалгаанд 700 саяас 1 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай байдаг. Гэвч 2019-2021 онд гүний усны судалгааны ажилд нэг ч төгрөг төсөвлөөгүй. Нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 15 хувьд нь гүний усны нөөцийн судалгаа хийгдсэн. Монгол Улсын нийт хүн амын 82.5 хувийг ундны цэвэр усаар хангагдаж байна гэсэн судалгаа бий. Энэ тоог 2024 онд 85 хувьд хүргэх бодлого барьж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэх тал дээр Мянганы сорилтын сангийн 260 сая ам.долларын өртөг бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Зураг төсөл 92.5 хувьтай явж байна.Ус бохирдуулсны төлбөр 2012 онд батлагдсан боловч 7 жилийн турш төлбөр авч чадаагүй. 2019 онд хуулийн төслийг шинэчлэн баталсан. Ингээд 2020 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулсан. Тус газар 2020 онд ус бохирдуулсны төлбөр 83 сая төгрөгийг төвлөрүүлсэн бол 2021 оны 1-р улирлын байдлаар 283 сая төгрөгийг авсан байна. Төлбөрийг тооцохдоо бохирдлын хэмжээнээс хамаарч шатлалтай тооцож авдаг.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:–Гадаргын ус хуримтлуулах “Хөх морь” төслийн хүрээнд монгол орны томоохон 10 голын 33 байршилд 10 цогцолбор барьж болох зураг төсөл гаргасан. Ингэж багцалснаар хөрөнгө санхүү гадаад, дотоодын эх үүсвэрээс шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Үүнийг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй учраас бизнесийн төсөл болгох талаар эрчим хүч,уул уурхайн салбаруудтай нягт хамтарч ажиллаж төслүүдийг хөдөлгөнө. “Хөх морь” төслийг боловсруулсан эрдэмтэн судлаачдын тооцооллоор энэ төсөл цогцоор хэрэгжихэд 8-10 жилийн хугацаа шаардлагатай. Хамгийн бага дүнтэй төсөл нь 90 сая ам.доллараас эхэлж байна. Говь руу ус татах, шугам хоолойг барих төсвүүд нь хүртэл өндөр өртөгтэй. Хамгийн ойрын төсөл нь Сайншандын аж үйлдвэрийн парк руу хэрэгжинэ. Энэ төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдсан. Цаашид хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж төслүүдийг урагшлуулна. Уул уурхайн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эдийн засагт ашигтай томоохон төслүүдийг дэмжих ажилд БОАЖ-ын салбар бусад эрчим хүч уул уурхайн салбаруудтай бодлогын хувьд нэгдмэл байж салбар дундын зохицуулалт хийж ажиллах шаардлагатай.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд "Ус" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэлээ. Ийнхүү УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул өндөрлөлөө.