УОК: Тавдугаар сарын 10-аас 21 аймагт дархлаажуулалтыг эхлүүлнэ

УОК: Тавдугаар сарын 10-аас 21 аймагт дархлаажуулалтыг эхлүүлнэ

Улсын Онцгой комиссын ээлжит хурал өчигдөр/2021.04.29/ орой цахимаар боллоо. Хурлаар коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх асуудлыг хэлэлцжээ. 

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болов. Хилийн боомт орчмын орон нутгийн иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгахаар төлөвлөжээ. 

-ДАРХЛААЖУУЛАЛТАД БҮРЭН ХАМРАГДСАН ИРГЭД ХОТ ХООРОНД ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИНО-

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа авч 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Харин 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцөлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжсэн байна. БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харьяалал харгалзахгүй вакцинжуулж байна.