Б.Дугархүү: Өндөр тунтай витамин С хэрэглэх нь ходоод, бөөрөнд хамгийн ихээр муу нөлөө үзүүлдэг

Б.Дугархүү: Өндөр тунтай витамин С хэрэглэх нь ходоод, бөөрөнд хамгийн ихээр муу нөлөө үзүүлдэг

Иргэд коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд өндөр тунтай витамин С уух болсон. Үүнтэй холбоотойгоор “өндөр тунгаар витамин С хэрэглэх нь ходоод, бөөрөнд муу нөлөөтэй” гэх яриа олон нийтийн дунд түгээд байна. Тиймээс витамин С-ийн зохистой хэрэглээний талаар бид Хүний их эмч Б.Дугархүүтэй ярилцлаа.

СОНСОХ:

-НЭМЭЛТ ТУНГААР УУХ БУС ӨДӨР БҮР С ВИТАМИН АГУУЛСАН ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ НЬ ЧУХАЛ-

-Сүүлийн үед иргэд дархлаагаа дэмжих, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөр тунтай витамин С түгээмэл хэрэглэх боллоо. Ер нь өндөр тунтай С хэрэглэх нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

-Өндөр тунтай витамин С хэрэглэх нь ходоод, бөөр гэсэн хоёр эрхтэнд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, витамин С ходоодны хүчил их шаарддаг учраас цээж хорсох, ходоодны шархлаа, архаг үрэвслийг дэмжих, ер нь ходоодны үрэвсэл үүсгэх эрсдэл өндөртэй. Ялангуяа өлөн байхдаа С хэрэглэх үед. Тиймээс өндөр тунтай витамин С-г өлөн ходоодон дээр хэрэглэж болохгүй гэж зөвлөдөг.

-Тэгвэл зохистой хэрэглээний тун нь хэд байдаг юм бэ?

-Витамин С хүнд эрдсийн тоонд ордог. Хүнд эрдсүүд бөөрний гаралтай кальцийн чулууг үүсгэдэг. Тэгэхээр бөөрний чулуу үүсгэдэг нэг үндсэн суурь нь витамин С болох талтай. Бөөрний чулуутай, ходоодны өвчтэй, цээж нь хорсдог хүн витамин С өндөр тунгаар байсан ч, өндөр тунгүй байсан ч заавал хоол ундтай хамт хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хүнд дээд тал нь 1000 мг С хэрэглэхийг зөвлөдөг. 1000-аас дээш 2000, 2500, 3000 мг гээд тун нь ихсээд ирэхээр бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг мөн ходоодон дахь хүчлийн хэмжээг нэмэгдүүлдэг. Ингэхээр мэдээж ходоод, бөөрөнд муу нөлөө үзүүлнэ шүү дээ.

-Хүмүүс С витаминыг тунгаар уухаас гадна судсаар хийлгэдэг шүү дээ. Судсаар хийлгэснээр бас таны хэлсэн шиг бөөр, ходоодонд нөлөө үзүүлэх үү?

-Хэдэн сар үргэлжилсэн байдлаар, урт хугацаанд судсаар витамин С хийлгэвэл бөөр өвчлөх шалтгаан болдог. Гэхдээ ходоодны өвчлөл үүсгэх нь бага байдаг.

-Ер нь витамин С-г хэзээ хэрэглэх ёстой байдаг юм бэ. Өдөр тутамдаа хэрэглэх ёстой юу. Зарим хүн хавар болохоор дархлаа муудах үед, эсвэл ханиад томуу хүрэхээрээ тунгаар авч хэрэглэдэг шүү дээ?

-Витамин С-г хүн өдөр бүр л хэрэглэж буй хоол хүнснээсээ авах ёстой. Хавар байна уу, ханиад хүрсэн байна уу хамаагүй. Гол асуудал нь хэрэглэж буй хоол хүнс, жимс ногооноос авах хэрэгтэй. Гэхдээ Монголд жимс жимсгэнийн ургалт муугаас өдөр тутамдаа хоол хүнсээрээ авч чаддаггүй хүмүүс байдаг. Эсвэл жимс жимсгэнэд дургүй хүн байж болно. Тэдгээр хүн зайлшгүй витамин С-г тунгаар хэрэглэх хэрэгтэй болчхож байгаа юм. Хүний биед нийлэгшдэг болон нийлэгшдэггүй эрдэс гэж байдаг. С хүний биед нийлэгшдэггүй учраас өдөр бүр авч/биедээ/ байх хэрэгтэй. С өөхшилтийн эсрэг, хавдрын эсрэг, гоо сайхны гэх мэт олон ач холбогдолтой. Тэр байтугай яс сийрэгжилт, төмөр дутагдлын эсрэг үйлчилгээтэй.

-С ВИТАМИНЫ ХОМСДОЛТОЙ УДААН ЯВАХ НЬ
ХҮНИЙ БИЕД МУУ-

-Тэгэхээр хэрэглэж буй хоол хүнснээсээ хангалттай С авч байгаа бол нэмэлт тунгаар хэрэглэх шаардлагагүй гэсэн үг үү?

-Тийм. Харин С агуулсан жимс, жимсгэнэд дургүй, ногоо идэж чаддаггүй бол нэмэлтээр авахаас өөр сонголтгүй. Жимс ногоо сайн ургадаг, өдөр тутамдаа жимс ногоо байнга хэрэглэдэг орны иргэд витамин С-г тунгаар уугаад байдаггүй шүү дээ.

-Витамин С дутагдвал хүний биед ямар сөрөг нөлөө гардаг вэ?

-“С хэрэглэхгүй байлаа гээд үхчихгүй байлгүй дээ” гэж зарим хүн хэлдэг. Гэвч витамин С-ны хомсдолтой удаан явах нь өөрөө муу үр дагавартай. Тухайлбал насжилтыг богиносгодог. Дархлаанд сөрөг нөлөөтэй. Тиймээс өдөр бүр хоол хүнснээсээ авч байх ёстой гэх яриад байгаа юм.

-Хүүхдэд нэмэлт тунгаар өгөх шаардлагатай юу. Зарим хүн хүүхдэдээ тунгаар витамин С авч өгөөд байдаг?

-Хоол хүнсээр өгөх нь л хамгийн чухал. Насанд хүрсэн хүнд ч ялгаагүй. Витамин С-ээр баялаг хоол хүнс хэрэглэж чадаж байвал заавал тунгаар дахин аваад байх шаардлагагүй. Гэхдээ бөөрний чулуутай, бөөрний өвчлөлтэй хүн витамин С-ээр баялаг гээд замбараагүй их жүрж, чацаргана хэрэглээд байж байж бас болохгүй.

-Витамин С-г огт хэрэглэж болохгүй хүмүүс гэж байдаг уу. Тухайлбал, чихрийн шижинтэй бол хэрэглэж болохгүй гэсэн яриа байдаг?

-Тийм хүн гэж байхгүй. С хүний биед угаасаа л хэрэгтэй эрдэс. Харин витамин С-ийн харшилтай, витамин С-ээр баялаг хүнс хэрэглэхээр цээж нь хорсоод байдаг хүмүүс тунгаар хэрэглэх шаардлагатай гэж үзвэл эхлээд ходоодоо эмчлүүлж байж, дараа нь  хэрэглэх хэрэгтэй.

-Витамин С ихдэхээр хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ. Илүүдэж байгааг ер нь мэдэх боломжтой юу?

-Илүүдэж байгааг мэдэх боломжгүй. Сөрөг нөлөө гэвэл ходоод муу хүмүүсийн цээж нь хорсох талтай. Тэрнээс биш шээсний өнгө өөрчлөгдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэггүй. Ихэвчлэн В витаминууд шээсийг шар өнгөтэй болгодог.

-Витамин С-г тунгаар худалдан авахдаа юуг хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь орц, найрлагад нь чихэр ороогүй байх хэрэгтэй. Чихрийн агууламжтай үрэлнүүд байдаг. Тэдгээрийн тал хувь нь С байлаа гэхэд тал нь чихэр байдаг. Тиймээс аль болох цэвэр витамин С хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ тодорхой хэмжээний чихэр агуулагдсан С эмийн сангуудаар зарагддаг. Тийм С ихэвчлэн хүүхдүүдэд зориулагдсан байдаг. Харин үйлдвэрлэгчийн хувьд дэлхий даяар зарагдаж буй витамин С-ийн түүхий эдийн бараг 90 хувийг манай урд хөрш хийдэг. Тэгэхээр Австрали байна уу, Америк байна уу ялгаагүй түүхий эд нь Хятадаас л орж ирж байгаа гэсэн үг. Харагдах байдал нь л өөр болохоос эмийн сангуудаар зарагддаг ихэнх витамин С ялгаагүй гэсэн үг.

-С витаминыг хэзээ хэрэглэвэл хамгийн тохиромжтой вэ? Орой хэрэглэвэл ходоод өвддөг гэж хүмүүс ярьдаг?

-Хамгийн зөв цаг бол хоолтойгоо хамт хэрэглэх. Харин Витамин С-ээр баялаг хүнсний бүтээгдэхүүний хувьд хоол шингэцэд сайн нөлөө үзүүлдэг учраас аль болох хоолтой хамт эсвэл хоолны дараа хэрэглэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө