“З.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлье” гэсэн саналыг О.Цогтгэрэл нар тавьжээ

“З.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлье” гэсэн саналыг О.Цогтгэрэл нар тавьжээ

АН-ын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч бүртгэхгүй гэж Улсын Дээд шүүх шийдвэрлэсний дараа О.Цогтгэрэл “М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагуудтай уулзах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн.  

Тэрээр “АН-ын даргыг бүртгүүлэх 2 талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ. Иймд Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтад М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж байна” гэсэн юм.

Товчхондоо тэрээр энэхүү мэдээллээрээ, “Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох талаар ярилцъя гэсэн болохоос, АН-ыг эвлэрүүлье гээгүй юм.

Тэгвэл өчигдөр /2021.04.28/ М.Тулгат, О.Цогтгэрэл нарын уулзалт болсон байна. Харин тус уулзалтаар О.Цогтгэрэл “АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд З.Энхболдыг дэвшүүлье. Иймд хамтраад нэр дэвшигчээ тодруулах дотоод сонгуулиа хийе. Тус сонгуулиас З.Энхболдыг гаргая” гэсэн саналыг тавьсан байна.

Харин М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд тус саналыг нь хүлээж аваагүй байна. Иймд О.Цогтгэрэл нарын өнөөдөр /2021.04.29/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны цахим хурлыг 13:00 цагт зарласан байна.

Учир нь О.Цогтгэрэл нарын саналыг М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд хүлээж аваагүй тул, тэд дараагийн нүүдлээ хийж, ҮБХ-ны хурлаа тус саналаа дэмжүүлэх ажлуудыг хийх гэж байгаа бололтой. 

Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийн бүртгэлээ М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд маргааш /2021.04.30/ хийж, нөгөөдөр /2021.05.01/ цахим санал хураалтаар тодруулна гэж буй. Мөн “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгоно” гэх заалт 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байв. Гэтэл тухайн үед ЕТГ-ын дарга байсан З.Энхболдын санал, санаачилгаар хугацааг наашлуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын санаачилгыг УИХ хэлэлцээд 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөхөөр баталсан байдаг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсон билээ.