ШУУРХАЙ МЭДЭЭ: АН-ын зөвшилцөх уулзалт үргэлжилж байгаа аж

2021-04-28 17:50

ШУУРХАЙ МЭДЭЭ: АН-ын зөвшилцөх уулзалт үргэлжилж байгаа аж

Өчигдөр /2021.04.27/ хуралдсан Улсын Дээд шүүхийн хурлаар АН-ын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч бүртгэхээс татгалзсан.

Үүний дараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн facebook хуудастаа “М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагуудтай уулзах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн. Иймд өнөөдөр тус уулзалт 12:00 цагт  Төв шуудангийн урд байрлах АН-ын байранд болсон гэх бөгөөд уулзалтаар “Ерөнхийлөгчийн сонгуульд АН­-аас нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулиа нэгдэж хийх санал”­-ыг О.Цогтгэрэл нарын зүгээс гаргасан гэж буй. 

Тэгвэл яг одоо М.Тулгат, О.Цогтгэрэл нарын уулзалт үргэлжилж байгаа ажээ. Тус уулзалтад хоёр тал тус бүр гурав, гурван хүнийг оролцуулж байгаа ажээ.  

2021-04-28 15:30

АН-ын эв нэгдэл биш Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хамтарч тодруулъя гэсэн саналыг О.Цогтгэрэл тавьжээ

Өчигдөр /2021.04.27/ хуралдсан Улсын Дээд шүүхийн хурлаар АН-ын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч бүртгэхээс татгалзсан.

Иймд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр тэд 12:00 уулзаж, ярилцсан байна. Тодруулбал, тус уулзалтаар “АН-ын эв нэгдлийн талаар бус харин ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод сонгуулиа хамтарч “цахим”-аар хийе” гэсэн саналыг О.Цогтгэрэл нарын зүгээс тавьжээ.

Учир, АН-ын дүрэмд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нийт гишүүдийн саналаар тодруулна гэж заасан байдаг аж. Мөн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед иргэдийн бөөгнөрөл үүсгэж “цаас”-аар санал авах боломжгүй юм. Нөгөөтэй О.Цогтгэрэл нар АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулсан тохиолдол Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхгүй байх талтай юм. Иймд тэд эхний байдлаар дотоод сонгуулиа хамтарч хийе гэсэн саналыг М.Тулгат нарт тавьсан бололтой. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.

2021-04-28 11:42

ТОДРУУЛГА: О.Цогтгэрэлийн хүсэлтийн талаар АН-ын Удирдлагын баг хуралдаж байна

Өчигдөр /2021.04.27/ хуралдсан Улсын Дээд шүүхийн хурлаар АН-ын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч, тус намын даргаар бүртгэхээс татгалзсан.

Үүний дараа О.Цогтгэрэл “АН-ын даргыг бүртгүүлэх 2 талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ. Иймд АН-ын намхан, жижигхэн энэ цэнхэр байран дээрээ, гал голомтондоо  Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж бна. 2021.04.28 буюу лхагва гаригийн 12.00 цагт. Яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө” гэж мэдэгдсэн.

Тэгвэл бид түүний мэдэгдлийн талаар М.Тулгатын АН-ын төлөөллөөс тодруулахад, “АН-ын Удирдлагын багийн хурал яг одоо "Шонхор" таурт болж байна. Энэ удаагийн хурлаар О.Цогтгэрэлийн хүсэлтийг хэлэлцэж байна. Ер нь бол уулзана гэдэгт санал нэгдээд байна” гэсэн юм.