О.Баасанхүү: УДШ шинэ даргыг бүртгэхгүй, хуучин дарга С.Эрдэнийг хэвээр үлдэх шийдвэр гаргалаа

2021-04-27 17:24

УДШ: АН, ИЗНН-ын өөрчлөлтийг бүртгэхээс ТАТГАЛЗАЖ, АТХ намын даргыг бүртгэв

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан  болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа.

Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан  өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

2021-04-27 16:39

О.Баасанхүү: УДШ шинэ даргыг бүртгэхгүй, хуучин дарга С.Эрдэнийг хэвээр үлдэх шийдвэр гаргалаа

АН-ын даргыг сонгох тус намын дотоод сонгууль “цахим” болон “цаас”-аар явагдаж өндөрлөн УИХ-ын гишүүн Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан бол, АН-ын дарга С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ялалт байгуулсан. 

Харин тус хоёр эрхмийг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүх /УДШ/-д хоёр тал тус бүрдээ хандсан ч УДШ АН-ын хуулийн этгээдийн өөрчлөлтийг хэлцэж, бүртгэхээс татгалзаж, буцаажээ.

Энэ талаар АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “албан бус мэдээллээр О.Цогтгэрэл гэдэг хүний өгсөн бичиг нь хууль, эрх зүйн байдалтай нийцээгүй гэсэн байдлаар буцаагдсан бол М.Тулгат талаас зарим нэг бичгүүдийг тодруулах шаардлагатай, тодруулаад хүсэлтийг дахин хангах боломжтой гэсэн мэдээллийг аваад явж байна. Шинэ журмаараа бол УДШ-ийн шүүгчид нийтдээ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн журам гаргасан. Тэр журмаараа бол улс төрийн намыг бүртгэхдээ есөн шүүгчийн оролцоотой шийднэ, шийдэхдээ аль нэг талаас оролцуулахгүй гэсэн журамтай. УДШ-д Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн байгаа. Энэ шийдвэр хүчин төгөлдөр гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хоёр шинэ даргыг бүртгэхгүй, хуучин дарга болох С.Эрдэнэ нь хэвээр байна гэж шийдвэрлэсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд дахин өрсөлдүүлэхийн тулд дүрмээ өөрчилье гэдэг дээрээс болж Ардчилсан нам хоёр талд орсон. Гэхдээ тэр дүрмийн маргаан намын маргаан биш шүү дээ. АН-ын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гараагүй. Хоёр шинэ даргын бичиг баримт нь хууль бус бол цаашдаа шинэчлээд засаад явах байх" гэж мэдээллээ. 

2021-04-27 15:49

ШУУРХАЙ МЭДЭЭ: М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар бүртгэхээс УДШ татгалзжээ

АН-ын даргыг сонгох тус намын дотоод сонгууль “цахим” болон “цаас”-аар явагдаж өндөрлөсөн. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан бол, АН-ын дарга С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ялалт байгуулсан. 

Харин эдгээр хоёр эрхмийг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүх /УДШ/-д хоёр тал тус бүрдээ хандсан.  

Тэгвэл өнөөдөр /2021.04.27/ УДШ АН-ын хуулийн этгээдийн өөрчлөлтийг хэлцэж, бүртгэхээс татгалзаж, буцаасан гэх мэдээлэл байна. Харин энэ талаар УДШ болон АН-ын зүгээс албан ёсны тайлбарыг хийгээгүй байна.