Энэтхэгээс зугтсан тус улсын иргэд өчигдөр Монголд ирсэн үү

2021-04-27 15:35

ТОДРУУЛГА: Энэтхэгээс ирсэн иргэд нарийн мэргэжлийн инженерүүд байсан гэв

Дөрөвдүгээр сарын 25-26-ыг шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. 

Эдгээр  иргэний 11 нь Монгол Улсын иргэн бол үлдсэн нь гадаадын иргэн байсан юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд халдварын тархалт нэмэгдэж буй Энэтхэг улсаас зугтсан иргэд манайд ирсэн үү гэх хардлага үүсээд байсан. Тэгвэл Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас уг асуудлаар тайлбар хийлээ. 

Тодруулбал, тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нь нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд  Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн аж. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэгт урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад иржээ. Энэтхэгээс ирсэн ажиллах хүчийг Дорноговь аймгийн Алтанширээт тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан, PCR шинжилгээтэй байсан гэдгийг хэллээ. 

2021-04-27 13:06

Энэтхэгээс зугтсан тус улсын иргэд өчигдөр Монголд ирсэн үү

Энэтхэг улс /БНЭУ/-д коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо огцом өсөж, энэ хэрээр иргэдийн нас баралт огцом нэмэгдээд байгаа юм. Энэхүү үйл явдлыг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “бид үндэстнийг хамарсан “шуурганд” өртлөө” гэж мэдэгдэж буй.

Тус цар тахлын улмаас Энэтхэгт эмийн үнэ өсөж, амиа алдах иргэдийн эрсдэл нэмэгдэж, оршуулгын газрууд ч ачаалалаа дийлэхээ болиод байгаа юм. Иймд тус улсын зарим иргэд эх орноосоо зугтах байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй.

Тэгвэл манай улсад өчигдөр /2021.04.26/ Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 11 монгол, 61 гадаад иргэн ирсэн талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. Харин манай улсад ирсэн гадаадын 61 иргэний талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа төдийгүй, эдгээр иргэд Энэтхэгээс зугтсан тус улсын иргэд байв уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Нөгөөтэй эдгээр иргэдээс мутацилагдсан коронавирусийн шинжилгээг авсан уу гэсэн асуулт ч гараад байна.

Тэгвэл эдгээр иргэдийн талаар ХӨСҮТ-ийн албан эх сурвалж, “Өдрийн сонин”-нд өгсөн тайлбартаа “эдгээр иргэдээс УОК болон ХӨСҮТ-өөс баг очиж тусгаарлагдахаас нь өмнө шинжилгээ авсан. Мөн тухайн гадаадын иргэдээс тархвар судлалын асуумж авсан. Тодруулбал, ойр хавьд тань өвчтэй хүн байсан уу, хоёрдугаар тунгаа хэзээ хийлгэсэн, онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгсөн үү гэх мэтчилэн зүйлийг асууж, дараа нь шинжилгээ авч тусгаарлах байр руу нь оруулдаг. Гадаадаас ирж байгаа иргэдийг долоо хоног тусгаарлаж байгаа. Давтан шинжилгээг зургаа дахь хоногт нь авна” хэмээжээ.

Харин тус  нислэгээр ирсэн нийт 72 зорчигч /монгол 11, гадаад 61/-ийг Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”,  “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг  тусгаарласан гэж мэдэгдэж буй.