С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материал “улсын нууц”-аас гарч, прокурорын архивт иржээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материал “улсын нууц”-аас гарч, прокурорын архивт иржээ

“Нууц мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын 82 дугаар тогтоол гуравдугаар сарын 31-ны өдөр гарсан байдаг. Тус тогтоолд, “Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5, 12.1.6, 19.1.2, 19.3-т заасны дагуу тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

  • Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хохироосон үйлдлийг шалгасан эрүүгийн 830142 дугаартай хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай
  • Энэ тогтоолын 1-д заасан төрийн нууцаас гаргаж, ил болгосон мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн хамгаалалтаас гаргахыг Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд) -т тус тус даалгасугай” гэжээ.

Товчхондоо, Засгийн газрын 82 дугаар тогтоол ёсоор “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг” улсын нууцаас гарсан юм. Иймд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн бөгөөд Засгийн газраас улсын нууцаас гаргасан хэргийг ард иргэд бүгдээрээ танилцаж мэдэх эрхтэй. Тэр танилцах индэр нь УИХ байж болох юм” гэж мэдэгдэж буй. Түүний энэхүү мэдэгдэл,  байр суурь ч зөв юм. Учир нь ингэснээр олон хэргийн үнэнийг мэдэх болно.

Тэгвэл “С.Зоригийн амь насыг хохироосон үйлдлийг шалгасан эрүүгийн 830142 дугаартай хэрэг” Прокурорын Ерөнхий газрын архивт ирсэн бөгөөд тус газарт бүртгэх, архивлах ажил хийгдэж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.