ОХУ Украины хилийн бүсээс цэргүүдээ татна гэж мэдэгдлээ

ОХУ Украины хилийн бүсээс цэргүүдээ татна гэж мэдэгдлээ

ОХУ Крымийн хойг орчим 80 мянга гаруй цэрэг төвлөрүүлээд байгаа талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба  мэдээлж байв. Тэгвэл өчигдөр/2021.04.22/ ОХУ цэргүүдээ татна гэдгээ мэдэгджээ. 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу  өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Манай цэргүүд улс орныхоо батлан хамгаалах салбарын хүч чадлыг харуулж чадлаа. Дасгал сургуулилтад хамрагдсан цэргүүд үндсэн бааз руугаа тавдугаар сарын 1 гэхэд буцна” гэжээ. Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй мөргөлдөөний бүсэд уулзахыг уриалж байсан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хил дээрх хурцадмал байдлыг "намжаах" уг шийдвэрийг талархан хүлээж авлаа.

Сергей Шойгугийн мэдэгдлийн дараа НАТО ОХУ-ыг хурцадмал байдлыг өөрчлөх алхам хийснийг сайшаасан ч барууны цэргийн эвсэл сонор сэрэмжээ алдахгүй байх болно гэжээ. 

Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчид болон Украины хүчний хооронд мөргөлдөөн гарч, тус улсын хил дээр ОХУ хүчээ нэмэгдүүлж буйтай холбоотой түгшүүрт байдал үүсээд байсан юм. Хэдий ОХУ “түрүүлж дайн өдөөхгүй, энэ бол энгийн цэргийн сургуулилт” хэмээн мэдэгдэж байсан ч Крымийн хойгт цэргүүдийг цуглуулж буй нь Вашингтон, НАТО-г түгшээж байсан юм. 

Эх сурвалж: BBC