Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга болж тамгаа авчээ

Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга болж тамгаа авчээ

Өнгөрөгч аравдугаар сард болж өндөрлөсөн орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо ялагдал хүлээсэн тул, тус дүүргийн намын даргыг шинээр сонгох  санал хураалт саяхан болсон байдаг. 

Ингээд тус санал хураалтад нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын зүгээс НИТХ-ийн төлөөлөгч М.Халиунбатыг санал болгосон ч, заалнаас Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатарын нэрийг  дэвшүүлж, тэрээр олонхийн саналаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын албанд сонгогдсон байдаг.

Тэгвэл тэрээр саяхан Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны тамгаа нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазараас гардаж авсан байна.

Сонирхуулахад, түүний өрсөлдөгч М.Халиунбатын хувьд Сүхбаатар дүүргээс НИТХ-д сонгогдсон нэгэн бөгөөд өдгөө тэрээр хотын дарга Д.Сумъяабазарын Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /нийслэлийн засаг даргын орон тооны бус орлогч/ -аар ажилладаг байна. Мөн түүнийг Петровис компанийн томоохон хувьцаа эзэмшигчийн хүргэн гэдэг ажээ. Харин М.Ганбаатарын хувьд аль нэг аймаг, дүүргийн НИТХ-ийн төлөөлөгч биш, харин сайжруулсан шахмал түлшний төслийг эхлүүлж,  өнөөдрийг хүртэл Тавантолгой түлш ХХК-ийг удирдаж яваа нэгэн юм байна.