Энэтхэгийн оршуулгын газрууд ачааллаа дийлэхээ больж, талийгаачдыг бөөнөөр нь чандарлаж эхэлжээ

Энэтхэгийн оршуулгын газрууд ачааллаа дийлэхээ больж, талийгаачдыг бөөнөөр нь чандарлаж эхэлжээ

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 314,835 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь нэг өдрийн дотор бүртгэгдсэн халдварын дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Цар тахлын хоёр дахь давлагаа тус улсын эрүүл мэндийн салбарыг “туйлдуулж” байгаад эрх баригчид санаа зовж байна. Хойд ба баруун, тэр дундаа нийслэл Шинэ Дели хотын эмнэлгүүд хүчилтөрөгчгүй болжээ. Хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар Шинэ Дели хотын зургаан эмнэлэг хүчилтөрөгчгүй болж, хөрш хотууд өөрсдийн хэрэгцээнд зориулсан багахан хэмжээний нөөцтэй үлдсэн байна. Мөн эмнэлгүүдийн ор дүүрсэн тул өвчтөнүүдийг гэртээ тусгаарлагдаж, өөрийгөө эмчлэхийг зөвлөж эхэлжээ. 

Үүгээр ч зогсохгүй Энэтхэгийн зүүн хэсэг орших Музаффарпур хотын чандарлах газар шарилд дарагдаж, ачааллаа дийлэхгүйд хүрсэн байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр сүүлийн нэг өдрийн дотор 2,104 хүн нас баржээ. Ингэснээр тус улсын коронавирусээс шалтгаалсан нас баралт 184,657 болж байна. 

Эрүүл мэндийн сайд Сатйендар Жайн хэлж буйгаар одоо нийслэл Дели хотод 5000 орчим эрчимт эмчилгээний ор шаардлагатай байгаа аж.

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд коронавирусийн “давхар мутаци”-ар өвчилсөн тохиолдол эрс нэмэгдэж байна. Уг хувилбар нь вирусийн хүнээс хүнд халдвар дамжуулах чадварыг хэд дахин нэмэгдүүлдэг аж. Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар цар тахлын эхний үе шатанд өргөн цар хүрээтэй арга хэмжээ авахыг даалгасан боловч хязгаарлалтын эдийн засгийн зардлаас зайлсхийсээр байдал ийм болсон гэж иргэд шүүмжилж байна. 

Үүгээр ч зогсохгүй Энэтхэгийн засгийн газар орон нутгийн сонгуульд зориулж улс төрийн цуглаан хийх, Хинду шашны наадам зохион байгуулахыг зөвшөөрсөн нь халдварыг эрчимжүүлэх нөхцөл болсон гэж үзэж байна.

Нас барсан иргэдийг бөөнөөр нь чандарлаж буй нь

Хүнд өвчтөнүүдийн эмнэлэг рүү хүчилтөрөгч зөөж буй нь

Эх сурвалж: Reuters