Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 5-нд СЕХ-нд уламжилна

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 5-нд СЕХ-нд уламжилна

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгодог болоод байна. Тодруулбал, ирэх зургадугаар сарын 09 -ны өдөр болох сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигч дээрх нөхцөлөөр тус албан тушаалыг хаших юм. 

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд оролцох бөгөөд МАН, АН, МАХН, ХҮН гэсэн дөрвөн нам нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх ёстой. Тэгвэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр дотоод сонгуульдаа өрсөлдөнө гэдгээ Ц.Оюунгэрэл анх мэдэгдсэн бол өчигдөр /2021.04.22/ Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Clubhouse-т иргэдтэй ярилцах үеэрээ мэдэгдсэн байна. 

Сонирхуулахад, ирэх тавдугаар сарын 05-ны өдөр улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд уламжлах хуваарьтай байна. Харин тавдугаар сарын 08-ны өдөр СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ шийдэж, улмаар тухайн сарын 24-ны өдөр нэр дэвшигчийн “үнэмлэх”-ийг гардуулж сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм байна. Ингээд ирэх зургадугаар сарын 07 -ны өдөр сурталчилгаа зогсож, 09-ны өдөр сонгуулийн санал хураалт болох ажээ.