Сураггүй алга болсон Индонезийн шумбагч онгоцны хүчилтөрөгчийн нөөц 72 цагийн дараа дуусна

Сураггүй алга болсон Индонезийн шумбагч онгоцны хүчилтөрөгчийн нөөц 72 цагийн дараа дуусна

Энэ сарын 21-ний өдөр Индонезийн “KRI Nanggala-402” тэнгисийн шумбагч онгоц Бали арлын эргээс 100 км зайд сургуулилт хийж байгаад холбоо тасарч, сураггүй алга болсон юм. Тэгвэл 53 хүн зорчиж явсан уг шумбагчийн хүчилтөрөгч дуусахад 72 цаг үлдээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, 72 цагийн дотор хөлгийг олж чадахгүй бол багийн гишүүд үхлийн аюулд орох эрсдэлтэй гэсэн үг юм. 

Хөлөг холбоо тасарсны дараа Индонезийн армийн байлдааны хөлгүүд эрэн хайх ажилд яаралтай дайчлагдсан бөгөөд тус улсын засгийн газар хөрш Сингапур, Австрали улсуудаас мөн тусламж хүссэн.

Одоогоор зургаан байлдааны хөлөг онгоц, нисдэг тэрэг, 400 хүн эрлийн ажилд оролцож байна. Мөн Сингапур, Малайз улсууд хөлөг онгоц илгээж, АНУ, Австрали, Франц, Герман улсууд туслалцаа үзүүлэхээр болжээ. 

Зарим эх сурвалжийн мэдээлснээр хөлөг далайн усны гүн рүү шумбах зөвшөөрлийг төвөөс авсны дараа холбоо тасарсан байна.

Хөлгийн холбоо тасарсан байршил

Алга болсон шумбагч онгоц нь Индонезийн таван шумбагч онгоцны нэг юм. Хөлгийг 1970-аад оны сүүлээр хийсэн бөгөөд БНСУ-д хоёр жилийн засварт орж байжээ. 

Индонез улсын тэнгисийн флотын шумбагч хөлгүүдээс сураггүй алга болсон анхны тохиолдол энэ юм. Хамгийн сүүлд 2017 онд Аргентин улсын 44 хүнтэй шумбагч хөлөг Атлантын далайн өмнөд хэсэгт сураггүй алга болж байв. Хөлгийг нэг жилийн дараа далайн ёроолоос олж, дэлбэрэлтийн улмаас живсэн гэдгийг тогтоосон байдаг. 

Эх сурвалж: BBC