Ц.Тувааны нэртэй, О.Цогтгэрэлийн гарын үсэгтэй гэх гэрээнд “Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлыг сурталчлах” гэж тусгажээ

Ц.Тувааны нэртэй, О.Цогтгэрэлийн гарын үсэгтэй гэх гэрээнд “Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлыг сурталчлах” гэж тусгажээ

УИХ-ын чуулганы өчигдөр /2021.04.22/-ийн хуралдааны үеэр АНУ-ын “DCI” лобби групптэй АН дөрөвдүгээр сарын 12-нөөс зургадугаар сарын 12-ны хооронд 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд Ц.Туваан гарын үсэг зурсан гэх асуудал яригдсан.

Гэтэл Ц.Туваан үүнийг үгүйсгэж “50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш” гэсэн юм. Тэгвэл Ц.Тувааны нэртэй О.Цогтгэрэлийн гарын үсэгтэй гэх АН-ын нэрийг ашиглаж гэрээ байгуулсан “DCI”  гэж ямар групп болох, гэрээнд юу гэж заасан талаар бид судаллаа.

-“DCI” ГАДААД ДАХЬ АНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ МЯЬНМАРЫН АРМИД ҮЗҮҮЛЖ БАЙВ-

“DCI” групп нь АНУ-ын Вашингтон хотод байрладаг олон нийттэй харилцах, лобби, бизнесийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг компани юм байна. Тус компани нь 1996 онд зөвлөх үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан бөгөөд үүнээс хойш үйл ажиллагааныхаа чиглэлийг тэлж, төрөл бүрийн компани болон улс төрийн намуудад олон нийттэй харилцах, бизнес, “PR”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болжээ. “DCI” групп нь АНУ-ын Бүгд найрамдах намын сонгуульт ажлууд болон улс төрийн кампанит ажлуудад идэвхтэй оролцдог гэдгээрээ алдартай аж.  Тухайлбал, 2000 болон 2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жорж Бушийн талд ажиллаж ялалт байгуулахад нь томоохон хувь нэмэр оруулж байжээ.

Харин гадаад дахь анхны төсөл нь 2002 онд Мьянмарын цэргийн армид зөвлөх үйлчилгээ үзүүлснээр эхэлсэн байдаг. АНУ-ын хэвлэлүүдийн бичсэнээр тухайн үед Мьянмарын арми тус фирмд 348 мянган ам.долларын төлбөр төлж, гурван жилийн турш хамтран ажиллажээ.  

Хожим “DCI” групп нь 2008 оны АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Маккейны кампанит ажлыг хариуцах байсан ч Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь нэлээн шүүмжлэл дагуулсан учир гэрээгээ цуцалсан аж.   Харин хамгийн сүүлд тус групп АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байденд 14,112 ам.доллар, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трампт 9,580 ам.долларын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-Ц.ТУВААНЫ НЭР ДЭЭР АН-ЫН НЭРИЙГ АШИГЛАЖ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ АГУУЛГА ЮУ БАЙВ-

АНУ-ын лобби фирмүүдийн олон улс дахь үйл ажиллагааг мэдээлдэг "Foreignlobby" веб сайтад мэдээлснээр “DCI групп нь нь Монголын АН-тай 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлыг сурталчлахаар гэрээ байгуулсан” гэжээ.

Гэрээнд бичсэнээр “Гэрээг Монголын Ардчилсан намтай байгуулсан ба 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, зургадугаар сарын 15-ны өдөр дуусгавар болно. Үйлчлүүлэгч үйлчилгээнийхээ төлөө зөвлөхөд /DCI/ тавин мянган доллар (50,000 доллар) төлнө” хэмээжээ.

Түүнчлэн гэрээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл худалдан авах гэсэн заалт байгаа юм. Тодруулбал, гэрээний “хэвлэл мэдээлэл худалдаж авах” гэх хэсэгт “хэвлэл мэдээллийн хэрэгслээс худалдан авалт хийх нь үйлчилгээний нэг хэсэг бөгөөд талууд зөвшөөрвөл уг үйлчилгээг хийж болно. Зөвлөх /DCI/ нь хэвлэл мэдээллийн харилцааг удирдаж, үйлчлүүлэгчийн өмнөөс зар сурталчилгааны агентлаг эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөр хийх нь зүйтэй гэж үзвэл үйлчлүүлэгчид нэхэмжлэл явуулна. Худалдан авалтын дүнг нэхэмжилсэн огнооноос хойш ажлын 10 хоногийн дотор үйлчлүүлэгч 100 мянган ам.доллартай тэнцүү буюу түүнээс бага хэмжээгээр төлнө” гэжээ.