БНХАУ-ын Элчин сайдын байрлаж байсан Пакистаны зочид буудалд бөмбөг дэлбэрч, дөрвөн хүн амь үрэгджээ

БНХАУ-ын Элчин сайдын байрлаж байсан Пакистаны зочид буудалд бөмбөг дэлбэрч, дөрвөн хүн амь үрэгджээ

Пакистан улсын Кветта хотод байрлах “Серена” хэмээх тансаг зэрэглэлийн зочид буудалд өнгөрсөн шөнө/2021.04.21/ бөмбөг дэлбэрсний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 12 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр шархаджээ.  

Орон нутгийн сурвалжлагчид уг халдлагын бай нь БНХАУ-ын Элчин сайд байсан гэж үзэж байна. Учир нь БНХАУ-ын элчин сайд тус зочид буудалд байрлаж байсан юм. Гэвч халдлага гарах үеэр ажлын шугамаар өөр газарт очсон байжээ.

“Серена” зочид буудалд ихэвчлэн төрийн албан хаагчид болон хүндэт зочид, төлөөлөгчид байрладаг гэдгээрээ алдартай. Бөмбөгийг зочид буудлын ойролцоох автомашинд байрлуулсан байсан бөгөөд ойролцоох хэд хэдэн автомашин шатсан байна. 

Кветта хотод байрлах Серена зочид буудал

Сүүлийн саруудад Пакистаны “Талибан” болон бусад жижиг зэвсэгт бүлэглэл Афганистантай хил залгаа овог аймгуудад халдлага ихээр үйлдэх болсон. Гэвч одоогоор ямар ч бүлэглэл уг халдлагыг хийсэн гэдгээ зарлаагүй байна.

Хоёр жилийн өмнө Хятадын хөрөнгө оруулалттай “Гвадар” боомтын төслийн үйл ажиллагаа явагдах үеэр мөн халдлага болж байсан. Салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлүүд уг төслийг хэрэгжүүлэгч БНХАУ Белужистаны байгалийн хий, ашигт малтмал, газрын баялгийг үргүйдүүлж байна хэмээн эсэргүүцэж байсан юм. 

 

ВИДЕО:

Эх сурвалж: CNBC