А.Навальныйд олон улсын хүний эрхийг хамгаалагчдын хүндэт шагнал олгохоор болжээ

А.Навальныйд олон улсын хүний эрхийг хамгаалагчдын хүндэт шагнал олгохоор болжээ

Өдгөө шоронд хоригдож буй ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный хүний эрхийн салбар дахь нэр хүнд бүхий олон улсын шагналын эзэн болсон талаар мэдээлэл гарчээ. Энэ талаар Женевийн хүний эрх, ардчиллын форумаас “ОХУ-ын эрх баригчид хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаад анхаарал хандуулахад чиглэгдсэн Навальныйн "эр зориг, баатарлаг хүчин чармайлтын төлөө" уг шагналыг олгож байгаа гэж мэдэгдсэн байна.

Тус шагналыг зургадугаар сарын 8-ны өдөр гардуулах бөгөөд  Навальный авах боломжгүй тул түүний охин 20 настай Дарья Навальная гардан авна гэж эх сурвалж мэдээлжээ. Навальныйн ойрын хамтран зүтгэгчдийн нэг Леонид Волков “Навальный амьдралынхаа хамгийн хүнд сорилтыг туулж буй тэр мөчид олон улсын зүгээс түүний ёс суртахууны зоригийг үнэлж байгаа нь нэн чухал дэмжлэг боллоо” хэмээн мэдэгдсэн байна. Женевийн хүний эрхийн форумд хүний эрхийг хамгаалах 25 төрийн бус байгууллага багтдаг бөгөөд жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах салбарт шагнал гардуулдаг уламжлалтай аж.

Өчигдөр /2021.04.19/ түүнийг Москва хотын зүүн талд байрлах хоригдлуудын бүсийн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд Ял эдлүүлэх алба (FSIN)-аас “А.Навальныйгийн биеийн байдал сайн байгаа. Түүнийг өдөр бүр эмчийн үзлэгт хамруулж байгаа бөгөөд өөрийнх нь зөвшөөрлийн дагуу “витамины эмчилгээ” хийж эхэлсэн гэжээ. Өдгөө 44 настай Кремлийн шүүмжлэгч А.Навальный өнгөрсөн гуравдугаар сарын 31-ээс эхлэн “өөрт нь зүй ёсны эмчилгээ хийхгүй байна” гэж шоронд өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. Мөн А.Навальныйгийн дэмжигчид өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр орон даяар түүнийг суллахыг шаардаж, жагсаал зохион байгууах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: CBS news




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө