Б.Сугар: “Хүйтэн машинд байж яах юм, гэртээ тусгаарлагд” гэсэн ч би гэр бүл, нутаг усны иргэдээ эрсдэлд оруулахыг хүсээгүй

Б.Сугар: “Хүйтэн машинд байж яах юм, гэртээ тусгаарлагд” гэсэн ч би гэр бүл, нутаг усны иргэдээ эрсдэлд оруулахыг хүсээгүй

Увс аймгийн иргэн Б.Сугар дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос аймагтаа ирж, машиндаа өөрийгөө долоо хоног тусгаарласан талаар бид мэдээлж байв. Халдварын голомт болсон нийслэл хотоос орон нутаг руу зорчиж буй хүн бүр шинжилгээ өгч, гэрийн тусгаарлалтад орох ёстой. Гэвч зарим иргэн үүрэг, хариуцлагаа умартан, гадуур гарч бусдыг эрсдэлд оруулсан тохиолдол хэд хэдэн аймагт гарлаа.

Харин тус жолооч гэр бүлээ, цаашлаад нутаг усныхаа иргэдийг эрсдэлд оруулахгүй гэж бүхэл бүтэн долоон хоног эзэнгүй айлын хашаанд машиндаа тусгаарлагдсан юм. Очих айл, орон гэргүйдээ бус. Харин иргэний үүрэг хариуцлагаа ухамсарласан хэрэг. Бид олон хүнд сайн жишиг, эерэг үлгэр дууриал үзүүлсэн Б.Сугартай бид ярилцлаа.

-АЙМГИЙН ТӨВ ДЭЭР ӨНДӨР НАСТАЙ ЭЭЖ, ДҮҮ НАР МААНЬ БАЙДАГ. ГЭВЧ ТЭДНИЙГЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛАХЫГ ХҮСЭЭГҮЙ-

-Таныг гэр бүлийнхнийгээ эрсдэлд оруулахгүйн тулд машиндаа 7 хоног өөрийгөө тусгаарласан талаар сонсоод олон хүн эерэгээр хүлээн авч байлаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Буяндэлгэрийн Сугар гэдэг. Би Увс аймгийн Давст суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань багш мэргэжилтэй.

-Улаанбаатар хот руу ямар ажлаар явж ирээд тусгаарлагдсан юм бэ?

-Би сумынхаа эмнэлгийн жолоочоор 25 жил ажилласан. Аав минь ч гэсэн сумын эмнэлгийн жолоочоор 24 гаруй жил ажилласан хүн байдаг. Ажлын маань сайн сайхан нь хүний эрүүл мэнд, амь насыг аварч хамгаалдагт байдаг ч цалин бага учраас амьдрал, амьжиргаанд төдийлөн хүрэлцдэггүй. Мөн 24 цагаар, хагас бүтэн сайнгүй ажилладаг. Энэ мэт шалтгааны улмаас ажлаасаа чөлөө авч, Тавантолгойн тээвэрт 11 дүгээр сараас хойш явж байна. Тээврийн ажлаар Улаанбаатар хотод очоод буцаж ирсэн юм. 

-Улаанбаатар хотоос хэзээ ирсэн юм бэ. Яг хэдэн хоног машиндаа өөрийгөө тусгаарлав?

-Дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатараас Увс аймгийн төв Улаангом хотод ирсэн. Хотоос гарахаасаа өмнө шинжилгээ өгсөн.  Шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй байдаг шүү дээ.  72 цаг нь замд дууссан учраас Далантүрүүт боомт дээр дөрөвдүгээр сарын 07-ны өдөр ирж, дахин PCR шинжилгээ өгсөн. Маргааш нь сөрөг гарсан учраас аймгийн төв рүү орсон.

-Халдвар гарсан улаан бүсээс ирж буй иргэдийг гэрийн тусгаарлалтад байх зөвлөмжийг аймгийн удирдлагуудаас өгч байгаа шүү дээ. Та яагаад машиндаа тусгаарлагдах шийдвэр гаргасан юм бэ?

-Аймгийн төв дээр манай өндөр настай ээж, бас дүү нар маань байдаг. Гэвч би тэдэн дээрээ очихыг хүсээгүй. Улаанбаатар коронавирусийн томоохон голомт болж, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж байна шүү дээ. Тиймээс юмыг яаж мэдэх билээ, ээж, ах дүү нараа, цаашлаад нутгийн ард иргэдээ эрсдэлд оруулаад яахав гэж бодож, машиныхаа кабинд тусгаарлагдахаар болсон юм. Надтай хамт туслах жолооч маань мөн тусгаарлагдсан.

-ГЭР БҮЛ, НУТАГ УСНЫХНЫ МААНЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙГАА УЧРААС ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Долоо хоногийн хугацаанд хоол хүнсээ яаж зохицуулж байв?

-Урт замын тээврийн жолооч нар ихэнх цагийг машиндаа өнгөрөөдөг. Хоол ундаа ч тэндээ зохицуулж, машиндаа унтана. Бараг л кабиндаа амьдардаг гэж хэлж болно. Хоол хийх тогоо, шанага, халбага сэрээ, аяга гэх мэт гал тогооны хэрэгслүүд ихэнх нь бий. Тиймээс хоол ундны асуудал нэг их гараагүй.

-Та ээж, дүү нартаа сумын төвд ирээд тусгаарлаж байгаа талаараа хэлсэн үү? 

-Хэлсэн. Тэдэнтэйгээ байнга утсаар холбогдож, сонин сайхан ярьдаг байсан. Заримдаа бидэнд хоол, хүнсний зүйл авчирч өгнө. Гэхдээ  хоорондоо уулзахгүй. Утсаар яриад хашааны гадна орхиж явсных нь дараа би очиж авдаг байсан.

-Хашаа гэснээс та эзэнгүй айлын хашаанд өөрийгөө тусгаарласан гэсэн үү?

-Тийм. Нутгийн маань хуурай ахын жимсний талбайн хашаа байдаг юм. Тэнд машинаа байрлуулж, тусгаарласан. Онцгойгийнхон анх ирээд “Гадуур гарч болохгүй. Долоо хоногийн дараа ирж шинжилгээ авна” гэсэн. Би ч “за” л гэсэн.

-Долоо хоногийн хугацаанд хашаанаасаа нэг ч гараагүй хэрэг үү?

-Тийм ээ. Тэр хооронд машиндаа ойр зуурын засвар нэлээн хийсэн.

-Эхнэр тань мэдээд юу гэж хэлсэн бэ. Хэд хоног орон нутгаар нэлээн хүйтэрсэн шүү дээ?

-Эхнэр маань сонсчхоод “Хүйтэн машинд удаан байж яах юм бэ, гэртээ тусгаарлагд” гэж хэлсэн. Яг тусгаарлагдсан өдрийн маргааш нь манай аймагт цас, бороо орж нэлээн хүйтэрсэн. Том тэргэнд шатахуунаар ажилладаг кабин халаагч гэж байдаг юм. Түүнийг асаачихдаг болохоор нэг их даараагүй.

-Та гэртээ өнөөдөр л ирж байгаа хэрэг үү?

-Аймгийн төв дээр ачаа буулгасаар өнөөдөр л ажил маань дуусаж суманд гэртээ ирлээ. Увс аймагт халдварын тохиолдол бүртгэгдэж, улаан бүс болсон. Жолооч нарын хувьд машиныхаа кабинаас буухгүй, өөр хүмүүсээр ачаагаа буулгуулах журмаар ажиллаж байна. Долоон хоногийн тусгаарлалт маань дуусаж, PCR шинжилгээ сөрөг гарсны дараа л санаа амарч гэртээ ирлээ.

-Одоо гэртээ дахин тусгаарлагдах уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Эхнэр хүүхдүүдийн хамтаар дахин долоон хоног гэрийн тусгаарлалтын журмыг мөрдөнө. Энэ бол иргэний үүрэг. Зөвхөн гэр бүлийнхний маань биш нутаг усны иргэдийн маань эрүүл мэндийн асуудал ч яригдаж байгаа шүү дээ.

-Таны түүхийг сонссон олон хүн үлгэр дууриал авсан байх. Ярилцлагын төгсгөлд иргэдэд уриалж юу гэж хэлмээр байна?

-Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, үүргээ ухамсарлаж чадвал энэ цар тахлыг хамтдаа давж чадна. Ганц хүний хэнэггүй зангаас болж олон хүн эрсдэлд орох тохиолдол гарч байна. Эмч, эмнэлгийн ажилчид өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа энэ цаг үед бид үүрэг хариуцлагаа ухамсарласнаар бага ч болов тэдэнд тусалж буй нэг хэлбэр юм болов уу. Тиймээс иргэн бүр нийгэмд хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, хувь хүний үүднээс хийж чадах зүйлээрээ тус болоосой гэж хүсмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.