“Ерөнхийлөгч очно” гэж мэдэгдээд, Хүндэт харуул жагсаж амжаагүй байхад Х.Баттулга ЗХЖШ-д ирж, хаалттай уулзалт хийжээ

“Ерөнхийлөгч очно” гэж мэдэгдээд, Хүндэт харуул жагсаж амжаагүй байхад Х.Баттулга ЗХЖШ-д ирж, хаалттай уулзалт хийжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга “МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Улсын Дээд шүүхэд хүргүүлж байна” гэсэнтэй холбогдуулж өчигдөр /2021.04.19/ орой МАН-аас мэдэгдэл хийсэн.

Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-д очсон мэдээлэл байна. Энэ бол сэтгэл сэрд хийлгэм мэдээлэл мөн. Иймд нийт иргэд, улс төрийн намуудыг Үндэсний аюулгүй байдлынхаа талд зогсохыг уриалж байгаа юм” гэж мэдэгдсэн нь олны анхаарал татсан. Иймд бид “Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр ЗХЖШ-д очсон эсэх”-ийг зарим эх сурвалжуудаас тодрууллаа. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙХЭЭ ДАРАА ЗХЖШ-Д ОЧИЖУДИРДЛАГУУДТАЙ 30 ОРЧИМ МИНУТ УУЛЗЖЭЭ-

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордонд өчигдөр /2021.04.19/ 14:00 цагийн орчимд дээрх мэдэгдлээ хийж байх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-аас ЗХЖШ руу холбогдож, “Ерөнхийлөгч удахгүй ЗХЖШ-д очно” гэж мэдэгджээ. Иймд жанжин штабынхан түргэн авч, 032 дугаар ангиас хүндэт харуул дуудаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын хүндэт харуулын урдуур алхах “улаан хивс”-ыг засаж эхэлсэн байна. 

Гэтэл хүндэт харуул ч жагсаж амжаагүй байтал Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдлээ дуусгаад, төд удалгүй ЗХЖШ-д хүрэлцэн ирсэн байна. 

Ингээд ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг түүнийг тосож авч “илтгэл” өгөөд, тэд дотогш оржээ. Тэдэнтэй хамт ЗХЖШ-ын орлогч болон зарим газрын дарга нар уулзалтад орсон байна. Мөн тэднээс өөр хэнийг тус уулзалтад оруулаагүй байна. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ЗХЖШ-ын удирдлагуудтай хийсэн уулзалт 30 орчим минут үргэлжлээд тэрээр тус газраас гарч явсан байна. Харин уулзалтын үеэр тэд юу ярьсан, Ерөнхийлөгч Х.Баттулга ямар зорилгоор ЗХЖШ-д очсон тодорхойгүй байгаа юм.  

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ ЭСВЭЛ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ БАЙХ УУ ГЭДГИЙГ АРД ИРГЭДЭЭС АСУУНА ГЭЖ БАЙВ-

ЗХЖШ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн удирдлагад байдаг бөгөөд Батлан хамгаалах яам нь иргэний хяналт тавих буюу төсвийн гүйцэтгэлийг хянах, мөн зэвсэг, техникийн шинэчлэлийн чиглэлээр л үйл ажиллагаанд нь оролцдог байна. Иймд өчигдөр болсон Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЗХЖШ-ын удирдлагуудын дунд болсон хаалттай уулзалтад Батлан хамгаалах яамны төлөөллийг оролцуулаагүй байна. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-д хүрэлцэн очиж, тус штабын дарга Д.Ганзориг болон орлогч дарга Ц.Жавхланбаатар нарын генералуудтай юу ярьсан нь тодорхойгүй байна.

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний мэдэгдлийг үзэв үү, Онц байдал зарлахад бэлэн үү” гэж асуусан байж болзошгүй. Цэргийнхэн бол түүний ийм асуултад “бэлэн” л гэж хариулна. 

Хачирхалтай нь Х.Баттулга "Монгол Улсын Ерөнхийлөгч" хэмээх тус албан тушаалд очсон даруйдаа “цаазын ялыг сэргээнэ” гэж мэдэгдэж. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс цаашид Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асуух шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьж байсан билээ. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө