Улаанбаатараас Увс аймагт очсон жолооч гэр бүлээ эрсдэлд оруулахгүй гэж долоо хоног машиндаа өөрийгөө тусгаарлажээ

Улаанбаатараас Увс аймагт очсон жолооч гэр бүлээ эрсдэлд оруулахгүй гэж долоо хоног машиндаа өөрийгөө тусгаарлажээ

Увс аймгийн иргэн Б.Сугар нь тээврийн жолооч бөгөөд энэ сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Улаангом суманд иржээ. Улмаар PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан ч гэр бүлдээ эрсдэл учруулахгүйн тулд дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл долоон хоногийн турш эзэнгүй хашаанд, машиндаа өөрийгөө тусгаарласан байна. 

Тэрбээр энэ талаар өөрийн фейсбүүк хуудаснаа “Сайн байцгаана уу. Би жирийн нэг тээврийн жолооч байна. Улаанбаатар хотоос дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Улаангом суманд ирсэн. Би дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Далантүрүүд шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу сөрөг гарсан ч дөрөвдүгээр сарын 08-15-ныг хүртэл машиныхаа кабинд айлын эзэнгүй хашаанд долоо хонолоо. Очих айл, орох оронгүйдээ биш. Нийгмийн хариуцлага, ухамсрын үүднээс хоолоо кабинд хийж идэж байсан. Энэ хугацаанд хоолгүй үедээ ус ууж байсан. Ээж, үр хүүхэд, хань ижил хамаатан садан бүр цаашлаад нутгийн ард түмнээ бодсоны үндсэн дээр юмыг яаж мэдэх билээ гэж энэ хашаанд долоо хонож чадлаа” гэжээ. 

Коронавируст халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ цаг үед иргэн бүр үүрэг хариуцлагатай ухамсарлах нь чухал билээ.