ЖОЛООЧ: Хятадын баталгаат гаалийн хашаанд миний машин бүрэн шатсан. Гэтэл Эрээн дэх консул үл тоож байна

ЖОЛООЧ: Хятадын баталгаат гаалийн хашаанд миний машин бүрэн шатсан. Гэтэл Эрээн дэх консул үл тоож байна

3 сарын 19-ны өдрөөс 4 сарын 10-ныг хүртэлх хугацаанд Замын-Үүд-Эрээний хил дээр ачаа тээврийн машины урт дугаарлалт бий болж экспорт, импорт зогссон. Хоёр улс хоорондын экспорт, импортын үйл ажиллагаа зогсох хүртэл нөхцөл байдалд орсон нь хоёр шалтгаантай гэж тухайн үед Эрээн дэх Монголын консулын газраас мэдэгдэж байв.

ВИДЕО ҮЗЭХ:

ТОДРУУЛБАЛ,

  1. 3 сарын 19-ны өдөр Эрээний гаалийн хяналтын хашаанд манай улсын махны экспортын тээврийн хэрэгсэл шатсан. /MAN маркийн хөргүүртэй машин/
  2. Монгол улсад коронавирусийн халдварын тоо нэмэгдсэнтэй холбоотой гэсэн юм.

Тэгвэл монгол жолоочийн тээврийн хэрэгсэл яагаад шатсан тухай ГАЛЫН ДҮГНЭЛТ гарсан байна. Эрээн дэх Монголын консулоос машины эзэн Ж.Батбаатартай энэ сарын 15-нд /2021.04.15/ холбогдож “Хөргөгчний акумлятороос гал гарсан гэх дүгнэлт гарсан учир БНХАУ-ын талаас таны хохирлыг барагдуулах боломжгүй. Хууль шүүхийн байгууллагад хандаарай” гэж мэдэгджээ.

Харин Ж.Батбаатарын хувьд нэгдүгээр сард Монголд орж ирэхэд нь авсан, оношилгоонд бүрэн хамрагдсан, цоо шинэ машинаа ачаатай нь хамт БНХАУ-д хүлээлгэн өгсөн хэмээн хэлж байна. 

Тэрбээр бидэнтэй холбогдож “Би хань, бяцхан охиныхоо төлөө, амьдралаа “босгох” зорилгынхоо өдөр шөнө, цаг наргүй ачаа тээвэрт явдаг залуу. Гэтэл амьжиргаагаа залгуулдаг гол хэрэгсэл болох машин минь миний буруугаас бус өөр хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж Эрээний гаалийн хашаанд шатлаа. Хүндхэн нөхцөл, байдалд орж, зутарч явна. Хэнээс тусламж авч, хаана хандахаа мэдэхгүй явахад Гадаад хэргийн яам, Эрээн хот дахь Монголын консулоос намайг төлөөлж ажиллах нь бүү хэл хариу өгөхгүй цаг алдаж байна. Коронавирусийн халдвараас шалтгаалан хил хаагаагүй байсан бол би өөрөө Эрээнд очоод цагдаад нь гомдол гаргаж хохирлоо барагдуулах ажлыг хөөцөлдөх байсан. Гэтэл тийм боломжгүй үе байна” гэсэн юм.    

Коронавирусийн цар тахлын улмаас экспорт, импортын ачаа тээврийн жолооч нар БНХАУ-руу нэвтрэх боломжгүй болсон. Энэ дагуу Ж.Батбаатар экспортын мах ачсан машинаа гуравдугаар сарын 16-ны өдөр Замын-Үүдийн гаалийн хашаанд байрлуулаад орхижээ. Тэр өдрөө БНХАУ-ын солилцооны жолооч нар Замын-Үүдэд ирж машиныг нь унаж яван Эрээний гаалийн хашаанд аваачсан байдаг. Гэтэл үүнээс яг хоёр хоногийн дараа Ж.Батбаатарын машин тус газарт шатсан байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг түүний ярилцлагаас уншина уу.

Тайлбар: Шатахаас өмнө машинаа хүлээлгэж өгөхдөө авсан зураг

-ХЯТАД ЖОЛООЧ МИНИЙ МАШИНЫГ ЭРЭЭНИЙ ГААЛИЙН ХАШААНД АВААЧСАН. ҮҮНИЙ ДАРАА МАШИН МИНЬ ШАТСАН-

-Болсон үйл явдлын талаар бидэнд мэдээлэл өгнө үү?

-Би хувийн машинаараа ачаа тээвэрт явдаг юм. Ачаа олдвол явна. “Эрүүл Монгол мах эко” компанийн махыг ачаад 3 дугаар сарын 15-ны шөнө Замын-Үүдэд очиж 16-ны өдөр хил нэвтрэх биржийн бичиг баримтаа хөөцөлдөж авсан. Коронавирусийн халдвараас болоод бид нар Эрээн рүү нэвтэрч ачаа, бараагаа буулгах боломжгүй байгаа. Тийм учраас Замын-Үүдийн гаалийн хашаанд ачаатай машинаа байрлуулдаг.

Байрлуулсны дараа Хятадын солилцооны жолооч нар ирж машиныг  минь унаж Эрээний гаалийн хашаанд аваачдаг. Энэ дагуу 3 сарын 17-ны өдөр хятадын жолооч нар Замын-Үүдийн гаалийн хашаанаас миний машиныг унаж яваад Эрээний гаалийн хашаанд аваачсан. Тэр өдрөө мах хүлээж авах Хятадын талын хүн буюу Туяа гэх өвөрмонгол бүсгүй надтай холбогдож “Ачаа болон машиныг хүлээж авлаа” гэж мэдэгдсэн. Туяагийн хувьд “Эрүүл Монгол мах эко” компанитай хамтарч ажилладаг Хятад компанийн төлөөлөл.

Гэтэл үүнээс яг хоёр хоногийн дараа буюу 3 дугаар сарын 19-ны шөнө 00.30 цагт жолооч нарын группд “Эрээний гаалийн хяналтын хашаанд Монголын тээврийн хэрэгсэл шатаж байна” гэсэн бичлэг тавигдсан. Ид гал авалцаж байсан учир тухайн үед нь би өөрийнхөө машиныг гэж мэдээгүй. Маргааш нь жолооч нарын группт “Энэ машин шатсан байна шүү” гээд зураг оруулсан байсан. Тэгээд л би машинаа шатсаныг мэдсэн.  Эрээн рүү орсон машинуудыг мөн л Хятадын солилцооны жолооч нар буцааж Зам-Үүдэд авчирч өгдөг. Тиймээс би машинаа авахаар хүлээгээд Зам-Үүдэд байсан юм.

-Хятадын талын хэн гэдэг, ямар жолооч таны машиныг авч явсныг мэдсэн үү?

-Мэдэх боломжгүй. Би машинаа Замын-Үүдийн гаалийн хашаанд байрлуулчихаад явах ёстой учраас явсан. Цаанаас Хятадын солилцооны жолооч нар ирж машиныг авдаг. Хэн гэдэг жолооч авч явсан нь тодорхойгүй байгаа юм. Харах ч боломжгүй.

Тайлбар: Шатсаны дараах байдал

-АЧААГ ХҮЛЭЭЖ АВСАН ХЯТАДЫН КОМПАНИ ХОХИРОЛ БАРАГДУУЛАХГҮЙ ГЭСЭН. БИ БҮРЭН БҮТЭН ЭВДРЭЛГҮЙ МАШИНАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН-

-Ачаа болон машиныг тань хүлээж авсан н.Туяатай холбогдохоор юу гэх юм?

-Хариуцлага хүлээхгүй гэсэн юм яриад байгаа юм. Тэд “Бид хариуцлага хүлээхгүй. Учир нь бид нарын буруугаас бус машины хөргүүрийн акумлятороос гал гарсан гэх дүгнэлт гарсан” гэж Эрээн дэх Монголын консулд хэлсэн юм шиг байна лээ. Махаа буулгаж авсан эсэх нь ч  тодорхойгүй байгаа. Миний бодлоор ачаатай машиныг хүлээж авсан тэдгээр хүмүүс л хариуцлага хүлээх ёстой. Хятадад хүлээж авсан хүмүүс хариуцлагатай хандсан бол миний машин шатахгүй байсан байх магадлалтай. Эндээс мах ачуулсан “Монгол эрүүл мах эко” компанийн хувьд “Чи өөрөө л хөөцөлд” гэж байгаа. Тус компаниас машинаа түрээслүүлж надад тусалж байна. Ингэж байж л би шатсан машиныхаа зээлийн төлбөр болон одоо унаж буй машиныхаа түрээсийг төлж байна.

-Таны машин өмнө нь ямар нэгэн байдлаар доголдож байсан уу. Машинаа яг хэзээ авсан бэ. Техник, эд анги бүрэн бүтэн байсан уу?

-Би ах, дүүсээсээ болон банкнаас мөнгө зээлж 85 сая төгрөгөөр машинаа худалдан авсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Монголд орж ирсэн шинэ машин. Оношилгоондоо бүрэн хамрагдсан өмнө нь тээвэрт явж байсан ямар ч асуудалгүй байсан. Би Хятадын талд бүрэн бүтэн, эвдрэлгүй машиныг хүлээлгэн өгсөн. Цар тахлын үед Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон бусад мөрдөх журам, дүрмийн дагуу ачаа тээврийн машиныг эзнээс нь салгаад хоёр улсын хилээр нэвтрүүлж байна. Гэтэл энэ тохиолдолд яаж зохицуулах ёстой талаар тодорхой мэдээлэл алга. Тодруулбал, монгол жолоочийн машиныг Хятадын тал хүлээж авснаасаа хойш эвдэлсэн тохиолдол хохирлыг төлөх ёстой юм уу, яах ёстой талаар тодорхой зохицуулалт алга байна шүү дээ.

Өөрөө Эрээн рүү унаж ороод шатаасан бол хамаагүй. Гэтэл би бүрэн бүтэн машинаа хятад жолооч болон ачаа хүлээж авах компанийнханд хүлээлгэн өгсний дараа энэ үйл явдал болсон. Хятад, Монголын Засгийн газрын гаргасан журмын дагуу би машинаа хоёр улсын хил дээр хүлээлгэж өгч байгаа болохоос дур мэдэн жолоо шилжүүлээгүй.

Тайлбар: Шатсаны дараах байдал

-ХОЁР УЛСЫН ХООРОНД МӨРДӨЖ БУЙ ЖУРМЫН ДАГУУ БИ МАШИНАА ХЯТАД ЖОЛООЧ НАРТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН-

-Машин шатсан галын дүгнэлт гарсан гэж Эрээн дэх Монголын консулоос танд мэдэгдсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Зүв зүгээр байж байгаад шатна гэж байхгүй. Унтраагаагүй, хөргүүрийг нь асаалттай орхисноос болж шатсан байх магадлалтай. Эрээн дэх консулоос надтай холбогдож “Хөргөгчний акумлятороос гал гарсан. Тиймээс хохирлыг барагдуулах боломжгүй. Хууль шүүхийн байгууллагад ханд” гэсэн. Миний машин бүрэн шатлаа. Үүнээс гадна олон монгол жолооч машинаа эвдлүүлж, хохирч байгаа шүү. Тэр эвдрэл, гэмтлийг нь хэн засах нь тодорхойгүй тул монгол жолооч нар хохирч байна. Тиймээс энэ харилцааг цаашид яаж зохицуулах талаар хоёр улс харилцан тохирох ёстой болов уу.

-Та энэ талаар Гадаад харилцааны яам болон Эрээн дэх консулоос тодруулсан уу?

-Тодорхой хариулт хэлж чадахгүй байсан. Би Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандаж албан бичиг хүргүүлсэн. Надад хариу ирүүлээгүй байна. Би өр зээлтэй, амьдрал хүнд байна. Таван сартай хүүхэдтэй. Хүүхэд маань зүрх, уушгины хавсарсан хүнд гажигтай. Удахгүй маш хүнд хагалгаанд орно. Банкны зээл маань нэхэгдээд байдаг. Миний асуудлыг яаралтай шийдэж өгнө үү. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн сайд Л.Халтар миний асуудалд анхаарал хандуулж өгөөч дээ. Таны удирдлагад ажилладаг хүмүүс ажлаа хийхгүй байна. Хятадын баталгаат гаалийн хашаанд миний машин шатсан шүү дээ.

Тайлбар: Шатсаны дараах байдал

-ЭРЭЭНИЙ КОНСУЛААС НАДТАЙ ХОЛБОГДОЖ “ХОХИРЛЫГ ЧИНЬ БАРАГДУУЛАХ БОЛОМЖГҮЙ” ГЭСЭН. МИНИЙ ХҮҮХЭД ХҮНД ХАГАЛГААНД ОРНО. ӨР ЗЭЭЛ НЭХЭГДЭЭД ХЭЦҮҮ БАЙНА-

-Та хууль шүүхийн байгууллагад хандаж үзсэн үү. Өмгөөлөгч авсан уу?

-Цагдаад хандсан. Эрээний цагдаагийн газар руу албан бичиг явуулсан гэж надад хэлсэн. Ямар ч хариу ирээгүй байна. Энд өмгөөлөгч аваад үр дүнгүй юм байна лээ. Хил нээлттэй байсан бол би өөрөө Эрээнд очоод хөөцөлдөх байсан. Өмгөөлөгчтэй ч болох байсан.  Өөрөө очих боломжгүй учраас Эрээн дэх Монголын консулд найдаад байлаа. Галын дүгнэлт гарахаар бүх зүйл тодорхой болно гэж сар хүлээлгэсэн. Гэтэл одоо “Таны хохирлыг төлөхгүй гэж байна” гэх юм. Монгол улсын иргэн хохирчхоод байна шүү дээ. Би машинаа унаж Эрээнд очсон бол шатаахгүй байсан. Би яахаа мэдэхгүй байна. Энэ үед Эрээн дэх консул намайг төлөөлөх ёстой биз дээ.

-Өмнө нь Эрээний гаалийн хяналтын хашаанд машин шатсан хэрэг гарч байсан уу?

-Жолооч нар машинаа халаах гэж дор нь гал асааж байгаад зургаан машин шатсан хэрэг гарч байсан. Тэр үед Хятадын талаас хохирлыг барагдуулж байсан юм байна лээ. Миний машиныг шатаж буйг гаалийн хашааны харуул нь бүр сүүлд мэдэж холбогдох газарт дуудлага өгсөн. Хэрвээ цаг алдаагүй бол машин маань бүтэн шатахгүй ч байсан юм билүү. 

Бид уг хэргийн талаар Гадаад харилцааны яам, Эрээн дэх Монголын консулын газраас холбогдох дараагийн мэдээллийг хүргэх болно.