БНСУ хотын замын хөдөлгөөнд оролцох дээд хурдыг 50 км болгож буурууллаа

БНСУ хотын замын хөдөлгөөнд оролцох дээд хурдыг 50 км болгож буурууллаа

БНСУ-д өчигдрөөс /2021.04.17/эхлэн “Аюулгүй хурд 5030” зам тээврийн дүрэм хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр хотын хөдөлгөөнд 50 км, хороолол дотор тодруулбал, орон сууцны гудамж, сургууль, цэцэрлэгийн орчимд 30 км-с доош хурдтай явахаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, явган зорчигчийг зам тээврийн ослоос хамгаалж гаргасан дүрэм аж. 

Уг дүрмийг хэрэгжүүлэхээс өмнө тодорхой хотуудын 13 газарт туршиж үзжээ. Ингэхэд авто ослын улмаас нас барах хүний тоо 39 хувиар буурсан байна. 

“OECD” буюу Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллагад элссэн орнуудын дундаас БНСУ нь ослын улмаас нас барах хүний тоогоороо нэлээн дээгүүрт бичигддэг. Тиймээс энэхүү дүрэм нь цаг үеэ олсон хэмээн иргэд дэмжиж байна.  

Хурд хэтрүүлсэн тохиолдолд:

  • 20 км дотор - 40.000 воны торгууль
  • 20-40 км - 60.000 воны торгууль, 15 оноо хасна
  • 40-60 км - 90.000 воны торгууль, 30 оноо хасна
  • 60км-с дээш хурд хэтрүүлсэн тохиолдолд- 120.000 воноор торгож, 60 оноо хасна. 

Хэрвээ 100 км дээш хурд хэтрүүлсэн тохиолдолд 1 сая воноор торгож, 100 оноо хасах юм байна. Гурван удаа 100-с дээш км хурд хэтрүүлсэн тохиолдолд 1 жилээс доош хорих ял эсвэл 5 сая воноор торгож, жолооны эрхийг хасах арга хэмжээ авах аж. 

Эх сурвалж: Koreatimes