ОХУ-ын сансрын нисгэгчид 185 хоногийн дараа эх дэлхийд газардлаа

ОХУ-ын сансрын нисгэгчид 185 хоногийн дараа эх дэлхийд газардлаа

ОХУ-ын сансрын нисгэгчид болох Сергей Рыжиков, Сергей Куд-Сверчков нар 185 хоног Олон Улсын Сансрын Станцад үүрэг гүйцэтгэж байгаад эх дэлхийдээ иржээ. 

Тэдэнтэй хамт НАСА-гийн сансрын нисгэгч Кейт Рубинс даалгавраа амжилттай гүйцэтгэж “Союз МС-17” сансрын хөлгөөр баасан гарагт эх дэлхий рүү гарсан юм. Улмаар өнөөдөр 12:55 цагт/орон нутгийн цагаар/ Казахстаны тал нутагт газарджээ.

Багийн гишүүд станцад өнгөрсөн 10-р сард очсон бөгөөд энэ хугацаанд "Союз МС-17" хөлгөөр дэлхийг 2960 удаа тойрч, 78,4 сая милийг туулсан аж. 

НАСА-гийн сансрын нисгэгч Кейт Рубинсийн хувьд энэ удаагийнх хоёр дахь нислэг байлаа. Тэрбээр сансрын станцад ногоон ургамал тариалах чиглэлээр ажиллаж байсан юм.

Одоо олон улсын сансрын станцад долоон нисгэгч ажиллаж, туршилт судалгаа хийж байна. Дөрөвдүгээр сарын 22-нд SpaceX-ийн “Crew-2” хөлөг АНУ-ын дөрвөн сансрын нисгэгчийг тойрог замд хүргэснээр Олон Улсын Сансрын Станцад ажиллаж буй хүний тоо 11 болно. Станц дээд тал нь 13 хүний багтаамжтай байдаг.

Ийнхүү Олон Улсын Сансрын Станцад урт хугацаанд ажилласан 64 дэх баг ийнхүү амжилттай газардаж байна.

Эх сурвалж: CNN