Ц.Чинбаяр: Халдвар авч, биеийн байдал нь хүндэрч буй залуусийн ихэнх нь таргалалттай байна

Ц.Чинбаяр: Халдвар авч, биеийн байдал нь хүндэрч буй залуусийн ихэнх нь таргалалттай байна

Халдварын голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмч Ц.Чинбаяр коронавирусээр өвчилсөн иргэдийн биеийн байдал хүндэрч буй шалтгаан болон эмнэлгийн ачааллын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Ямар нэг архаг суурь өвчингүй харьцангуй залуу хүмүүс халдвар авч биеийн байдал нь хүнд, болон нэн хүнд хэлбэрээр өвдөж буй тохиолдол гарч байна. Эдгээр өвчтөн нь ихэвчлэн жингийн илүүдэлтэй, таргалалттай байгаа юм. 

Үүнээс гадна нэг болон хавсарсан суурь өвчтэй иргэд хүндээр өвдөж байна. Бидний ачаалал сүүлийн үед 3-4 дахин нэмэгдлээ. Учир нь нэн хүнд өвчтөнүүдийн эмчилгээний хугацаа урт байгаа нь ачаалалд нөлөөлж байна.

Хүнд болон нэн хүнд хүмүүст вирусийн эсрэг, суурь өвчнүүдийн эмчилгээ болон амьсгал дэмжих, орлуулах, удирдах эмчилгээг олон улсын түвшинд чанартайгаар хийж байгаа. Нэг баг таван цаг орчим тасралтгүй хамгаалах хувцас хэрэгсэлтэй өвчтөний дэргэд ажилладаг. Урт хугацаагаар хүнд өвчтөний дэргэд байж ажиллаж байгаа сувилагч нарын ачаалал нэмэгдсэн, нэлээд хүндрэлтэй нөхцөлд байна.

Халдвар аваад хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ эмчлүүлж байгаа хүмүүс өөрийгөө маш хариуцлагатайгаар хянаж байх шаардлагатай байна.

Өвчин эхлэх үедээ хөнгөн байгаад цаашаа хүндэвтэр, хүнд хэлбэр рүү шилжих боломжтой. Тиймээс өөрт илэрч байгаа эмнэл зүйн шинжийг маш сайн анхаарна.

Тухайлбал, +38 хэм хүртэл халуурах, цөөн удаа гүйлгэх, нусхайрах, хамар битүүрэх буюу хөнгөн шинж тэмдгүүд илэрч болно. Үүнээс цаашлаад хүндэрч халуун 38 хэмээс давах, гурваас дээш хоногоор үргэлжлэх, тасралтгүй ханиалгаад, цусан судалтай цэр гарах, амьсгаадах, цээжээр байнгын өвдөх, гар хөлийн үзүүр хөхрөх, арьс эрээнтэх шинж тэмдэг ажиглагдвал маш яаралтай хариуцсан эрүүл мэндийн ажилтантайгаа холбогдож эмнэлгийн тусламж авах хэрэгтэй” гэв. 

 ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө