Говь-Алтай аймаг энэ сарын 25-ныг хүртэл гаднаас иргэн нэвтрүүлэхгүй гэв

Говь-Алтай аймаг энэ сарын 25-ныг хүртэл гаднаас иргэн нэвтрүүлэхгүй гэв

Коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ганц аймаг Говь-Алтай болоод байна.

Тус аймгийн зэргэлдээх Ховд аймагт COVID-19-ийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 25-н хүртэл гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Онцгой комисс нь гаргажээ. Түүнчлэн аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ. COVID-19 халдварын голомт болсон Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн гурав дахь удаагийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд бууруулж, нийслэлээс орон нутаг руу гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээснээс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын 19 аймагт халдвар тархаж, 0-17 насны 400 гаруй хүүхэд орон нутагт өвчлөөд буй.

Өмнөговь аймагт халдварын хоёр тохиолдол батлагдсан ч ЭМЯ албан ёсоор тус аймагт халдвар гарсан гэж бүртгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр коронавирусийн халдвар Говь-Алтайгаас бусад бүх баймагт бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 18,565 байгаагаас 18,002 нь дотоодын халдвар байна. Гуравдугаар сарын 31-нээс хойш коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаад 26 хүн нас барснаас хамгийн залуу нь 20 настай байгаа юм.

COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг орон даяар эхлүүлсэн ч вакцины эхний тунгаа тариулсан 2,300 гаруй хүн халдвар аваад байна.

Тиймээс вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүх, хүн хоорондын зай байрих зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстойг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байгаа юм.