Хуульчдын улс төржөөгүй, мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр бодлого, зорилгоо хэрэгжүүлэх боломжтой болсон

Хуульчдын улс төржөөгүй, мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр бодлого, зорилгоо хэрэгжүүлэх боломжтой болсон

Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг сонгох Ажлын хэсэгт нэр дэвшүүлсэн Монгол хуульчдын холбооны төлөөллийг Хууль зүйн байнгын хороо дэмжихгүй хоёр ч удаа унагасны эцэст нилээд хэл амтайгаар томиллоо. Энэ талаар яриагаа эхэлье.

-Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хороо байгуулах, тус Ажлын хэсэгт Хуульчдын холбооны төлөөлөл орохоор хуульчилсан. Үүний дагуу Хуульчдын холбооны Зөвлөлөөс зохих хүмүүсийг санал болгосон. Саналыг хүлээж авах эсэх нь Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийн асуудал учир тайлбар алга. Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбоо хүндэтгэлтэй, бас хариуцлагатай хандаж, тухай бүр заасан хугацаанд нь дараа дараагийн хүмүүсээ санал болгосон байгаа. Гол нь холбооны дүрэм, журмын хүрээнд явагдсан хууль ёсны үйл ажиллагааг хувийнхаа явцуу зорилгоор үгүйсгэж, Улсын Их Хурлын гишүүдэд үнэнд нийцэхгүй, илэрхий төөрөгдүүлсэн, ховын шинжтэй, худал мэдээллийг хувийн журмаар өгч, холбооны нэр хүндийг унагах, сэвтээх үйлдэл хийж байгаа зарим хүмүүст харамсаж байна. Шударга ёс ярьдаг, ёс зүйг эрхэмлэдэг бол үг, үйлдлийн зөрүүгүй л баймаар байгаа юм.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр танай холбоог ардчилсан бус байна гэдэг шүүмжлэл гарсан. Үүнтэй санал нийлэх үү?

-Улсын Их Хурлын гишүүдэд очсон худал мэдээллээс үүдэлтэй шүүмжлэл л дээ. Өөрт ирсэн мэдээллийн хүрээнд асуудал тавьж, тодруулж байгаа Улсын Их Хурлын гишүүдэд хүндэтгэлтэй хандана. Дарга бүхнийг мэддэг, шийддэг гэх хуучирсан ойлголтоороо Хуульчдын холбоог хардаг хүмүүс байж болно. Гэхдээ манайх тийм биш. Тухайлбал нэг хүн 3 удаа нэр дэвшээд манай Зөвлөлийн гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй. Дэмжлэг авч чадахгүй байгаа хүнийг томилоод явуулчихвал ардчилсан болчих юм уу. Тийм байх боломжгүй. Энэ маргаан болгоод байгаа Ажлын хэсгийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульч зэрэг нийт 48 хуульчаас бүрддэг, манай удирдах дээд байгууллага гэж хэлж болох холбооны Зөвлөл цахимаар хэлэлцэж, олонхоороо гурван удаа шийдвэрлэсэн.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Хуульчдын холбооны Зөвлөл бүрэн эрхийнхээ асуудлыг ингэж цахимаар шийдвэрлэдэг журам, соёлыг тогтоож, арав гаруй удаа хэлэлцэх асуудлаа шийдвэрлээд явж байна. Асуудлыг хэрхэн хэлэлцэж, яаж шийдвэрлэхээ хүртэл холбооны дүрэм, журамд нийцүүлж Зөвлөлийн гишүүд олонхоороо шийдвэрлэдэг, үүнийг хэн нэгэн хүн удирдаж, зохион байгуулаад байгаа юм шигээр буруутгах нь зохимжгүй асуудал.

Ардчилсан ёсыг, шударга ёсыг өөртэйгөө хамт байдаг юм шигээр ойлгодог, өөрсдөө л биш бол бусад нь шударга бус гэдэг тийм зүй бус хандлагыг би зөв гэж үзэхгүй байна. Асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тэр шийдвэрээ хүндэтгэн биелүүлэх нь олон нийтийн оролцоотой аливаа байгууллагад, тэр дундаа төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг манайх шиг мэргэжлийн холбоонд мөрдөгдөх ёстой “ардчилсан ёс” мөн байх.

-Хуульчдын холбооны үйл ажиллагааг улс төржүүлсэн, шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн гэдэг байдлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр таныг буруутгаж байсан. Энэ талаар та юу хэлэх үү?

-Гишүүн их буруу ойлголттой байна лээ.

Харин ч эсрэгээрээ Хуульчдын холбооны улс төржөөгүй, мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр бодлого, зорилгоо хэрэгжүүлэх боломжтой болсон гэж би хувьдаа үздэг.

Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталснаар шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд хууль, эрх зүйн шинэчлэл, өөрчлөлтийг хийх нөхцөл бүрдсэн. Шүүхийн шинэчлэл эндээс эхлэлтэй. Тухайн үед Б.Энхбаяр Улсын Их Хурлын гишүүн болоогүй байсан.

Хуульчдын холбоо болон манай гишүүн хуульчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үеэс шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах асуудалд анхаарч, хууль тогтоогчдод санал, шаардлагаа хүргүүлж ирсэн байдаг. Холбооны гадаа жагсаал хүртэл хийж байсныг санаж байна.

Хуульчдын хувьд энэ нь орхигдох ёсгүй асуудал л даа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх шүүхийн багц хуулийн шинэчлэлд хуульчдын саналыг тусгах, хувь нэмэрийг оруулах, тал бүрээс нь хэлэлцсэн чанартай сайн хууль гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор Хуульчдын холбоо 2020 оны 1 дүгээр сард холбогдох хуулиудын хүрээнд Ажлын хэсгүүд байгуулан ажиллаж эхэлсэн.

Ингэж ажиллаж байх хугацаандаа бид Хууль зүй, дотоод хэргийн яаманд боловсруулагдаж байгаа шүүхийн тухай хуулийн төслийг хуульчдаар хэлэлцүүлнэ гэсэн итгэлтэй, бас хүлээлттэй байсан. Харамсалтай нь тухайн үеийн сайд хуулийн төслөө хуульчдаар хэлэлцүүлэхгүйгээр шууд Улсын Их Хуралд өргөн барьсан.

Энэ хуулийн төсөлд хуульчид шүүмжлэлтэй хандсан, мөн хуульчдын болон хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын байр суурь, санал, шүүмжийг хэлэлцүүлэх, хуульд тусгуулах боломж, бололцоо олдоогүй зэрэг нөхцөл байдал үүссэн учраас манай холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, хуульчдын саналыг тусгасан багц хуулийн төслийг өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын түвшинд хэлэлцүүлэхийг хүссэн. Ерөнхийлөгч бидний саналыг хүлээн авч, багц хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээр өмнөх Улсын Их Хурал биш, энэ удаагийн Улсын Их Хурал шүүхийн шинэчлэлийг хийх, энэхүү шинэчлэлд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр манлайлан оролцох боломжтой болсон. Ийм л түүхтэй.

-Тэгээд Б.Энхбаяр гишүүний улс төржсөн, эсэргүүцсэн гэж шүүмжлээд байгаа нь ямар учиртай юм бол.

-Хэлж мэдэхгүй байна. Хуульчдын холбооны зүгээс шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн, улс төржүүлсэн ямар ч алхам хийгээгүй. Харин ч шинэ Улсын Их Хурал бүрэлдэж, шүүхийн тухай хуулийн төслүүдийг олон нийт, хуульчдаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж эхлэхэд манай холбоо талархан дэмжиж, хуульдынхаа дунд тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Б.Энхбаяр гишүүнийг урьж оролцуулан хуульчдын байр суурь, саналыг хүргэсэн. Энэ үеэр эрхэм гишүүн маань олон чухал зүйл, мэдээллийг олж авлаа гэдэгээ илэрхийлж байсныг би сайн санаж байна. Тиймээс энэ шүүмжлэл Улсын Их Хурлын гишүүдэд очоод байдаг холбооны үйл ажиллагааг харлуулсан, худал мэдээлэлтэй холбоотой байх.

Манай холбоо бол 6000 гаруй хуульчдыг нэгтгэсэн мэргэжлийн холбоо. Холбооны Ерөнхийлөгчид хуульчдыг захирах, захиргаадах, дуу хоолойг нь хорих эрх байхгүй. Хуульчид ч бас тийм амар захирагдаад байдаг хүмүүс биш. Б.Энхбаяр гишүүний бодлого, зарчмын эсрэг санал хэлдэг, шүүмжилдэг хуульчид цөөнгүй бий. Энэ бүхнийг Хуульчдын холбооны үйл ажиллагаа, улс төржилт, эсэргүүцэл гэж харах нь хэр зохистойг мэдэхгүй байна.

-Та шүүхийн шинэчлэлийг дэмжиж байгаа юу. Хууль батлагдахад хуульчдын хувь нэмэр, оролцоо хэр хэмжээнд байв.

-Шүүхийн шинэчлэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхтэй гэдгийг би түрүүн хэлсэн. Өөрөөр хэлбэл шүүхэд шинэчлэл хийхийг Үндсэн хууль шаардсан учраас дэмжсэн, эсэргүүцсэн гэдэг бол үнэндээ утгагүй яриа. Хуульчдын холбоо болон хуульчид шүүхийн шинэчлэлийг дэмжиж, тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулж ирсэнийг дээр хэллээ шүү дээ. Дэмжинэ гэдэг чинь хоосон магтахын нэр биш биз дээ. Хуульчид бол зөрчил, хийдэлгүй чамбай сайн хууль гараасай л гэж хүссэн, олон талд санаа бодлоо уралдуулсан үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Хуульчдын санал, зөвлөмж, шүүмж зөвхөн энэ хүрээндээ өрнөсөн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд мөн л энэ хүрээндээ асуудлыг харж, тусгасан. Харамсалтай нь Улсын Их Хурлаар хэлэлцэгдээгүй.

Гэхдээ Б.Энхбаяр гишүүн маань Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс 98 хувь нь хуульд туссан гэдгийг нийтэд мэдээлсэн. Энэ нь хуульчдын хувь нэмэр, оролцоог тодорхойлсон нэг үзүүлэлт болох байх. Бидний боловсруулсан хуулийн төслөөс шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг тодорхой журамлах зэрэг чиглэлд чамгүй олон зүйл туссан нь үнэн.

Б.Энхбаяр гишүүн шүүхийн хуулийн Ажлын хэсгийг ахалснаар шүүхийн шинэчлэлийг олон нийтээр хэлэлцүүлэх, хуульчид болон хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын байр суурь, саналыг сонсох чиглэлд сайн ажилласан. Үүнийг үгүйсгэхгүй. Үүнд нь хуульчид ч талархаж байгаа.

-Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар таны үед наад холбоо чинь татан буугдах нь, таны хуульчийн карьер дуусах нь гэх зэрэг нилээд хатуу анхааруулга, сануулгыг танд хэлэх шиг болсон.

-Хуульчдын холбоо бол миний хувийн компани биш. Би энэ албанд хуульчдын сонголтоор хугацаатай ирсэн. Ирэх 11 сард чөлөөлөгдөнө. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх байх. Хуулийг дагаад дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гардаг. Түүнд тусгаад наана нь ч чөлөөлж болно. Тиймээс хувь хүнд, тухайлбал надад хандаж байгаа субьектив хандлагаараа Хуульчдын холбооны цаашдын хувь заяанд битгий хандаарай гэж Улсын Их Хурлын гишүүдээсээ хүсмээр байна. Миний хуульчийн карьер бол 37 дугаар асуудал. Би өөрөө санаа тавья.

-Үнэхээр Хуульчдын холбоог татан буулгах дээрээ тулбал яах вэ?

-Тийм нөхцөл үүсэхгүй байх гэж найдаж байгаа. Өмнөх Хууль зүйн сайдын үед манай холбоог байлгах эсэх асуудал хүчтэй яригдаж байсан бол Х.Нямбаатар сайд гарч ирсэнээр энэ асуудал зогссон. Хуульчдын холбооны онцлог, бий болгосон нэр хүнд, ирээдүйд хүрэх боломж, хуульчдын санал, хүсэлтийг хүндэтгэж, асуудалд цэг тавьж өгсөн Х.Нямбаатар сайд болон Хууль зүй, дотоод хэргийн яамны бусад удирдлага, мэргэжилтнүүдэд хуульчид талархаж байгаа. Би ч бас хуульчдыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хувьд талархаж байгаагаа үүгээр илэрхийлье.

Монголын Хуульчдын холбоо бол олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн, өсөж хөгжиж, үлгэрлэж байгаа мэргэжлийн холбоо. Ази, номхон далайн бүсийн хуульчдын Их хурлыг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. Харамсалтай нь цар тахлаас шалтгаалаад хойшлоод байгаа. Мөн 2024 онд олон улсын пробоно хуульчдын Их хурлыг эх орондоо зохион байгуулах эрхийг бас авсан. Ер нь Хуульчдын холбоог бусад холбоотой харьцуулах аргагүй л дээ. Тийм ч болохоор Улсын Их Хурлын хуульч гишүүд маань санаа тавьж, тусгайлан хэлэлцэж, санал шүүмжлэлээ харамгүй хэлж байгаа байх.

-Таныг Ерөнхийлөгч болсоноос хойш Хуульчдын холбоо их нам гүмхэн ажиллаад байх шиг. Хөндлөнгийн дүгнэлт л дээ.

-Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, өрсөлдөх шийдвэрийг гаргахад амаргүй байсан. Хуульчдын холбоотой зэрэгцэн Өмгөөлөгчдийн холбоо байгуулагдах, үүнийг зарим өмгөөлөгчид нь дэмждэг, зарим нь эрс эсэргүүцдэг зэрэг үзэл санааны зөрөлдөөн нэгэнт үүсчихсэн үе байсан. Ер нь бол холбооны Ерөнхийлөгчид өмгөөлөгч нар нэр дэвшдэг л дээ. Үүнийг ч би зөв гэж үздэг. Тухайн үед өмгөөлөгч нарын дотор ийм зөрчил байсан учраас эв нэгдлийг хангах, холбооны цаашдын хөгжил, замналыг бүдгэрүүлэхгүй байх, нөхцөл байдалтайгаа зохицож ажиллах гэх мэт олон шалтгааны улмаас энэ удаад өмгөөлөгч биш хүн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллавал зохимжтой байна гэдэг үндэслэлээр надад олон хуульч нэрээ дэвшүүлэхийг санал болгосон. Яг энэ үндэслэл, шалтгаанд тулгуурлаж би мөрийн хөтөлбөрөө боловсруулж Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж оролцсон, төлөөлөгчдийн олонх нь сонгосон. Тиймээс би хуульчдын өмнө хүлээсэн үүрэг, авсан амлалтынхаа дагуу л ажиллаж байгаа.

Нөгөө талаас би Хуульчдын холбоог илүү мэргэжлийн бөгөөд бодлогын түвшинд ажиллуулахыг зорьсон, тийм чиглэлийг баримталж ирсэн. Үүний нэг тод жишээ нь шүүхийн шинэчлэлд хуульчдын саналыг тусгах, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж, хуульчдынхаа боловсруулсан багц хуулийн төслийг хууль санаачлагч болон тогтоогчдод хүргэж, олон нийт, хуульчдаар шүүн хэлэлцүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн явдал мөн. Хуульчдын боловсруулсан хуулийн төслөөс тодорхой асуудлууд батлагдсан хуульд тусгалаа олсон гэдгийг түрүүн хэлсэн. Энэ бол үр дүн. Ер нь манай холбоо мэргэжлийн холбоо мөн л юм бол сүртэй, сүртэй мэдэгдэлүүд хийж, улс төрийн үйл ажиллагаанд татагдан оролцоод байх нь зохимжгүй. Бодлогын тодорхой асуудлууд дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудтай хамтран ажиллах, мэргэжлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх, хуульчдын нэр хүнд, эрх ашгийг хамгаалах, хариуцлагыг нь дээшлүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллах нь илүү үр дүнтэй байх юм.

Хуульчдын холбооны зүгээс Хууль зүй, дотоод хэргийн яаманд боловсруулсан болон боловсруулагдаж байгаа олон хуулийн төслийн ажлын хэсэгт хуульчид болон хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдыг санал болгон оруулж, хууль зүйн шинэчлэл, өөрчлөлтийн ажилд дэм үзүүлж, хүч нэмэн ажиллаж байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэж, цэгцэрсэний дараагаас илүү өргөн хүрээнд үр бүтээлтэй ажиллах нөхцөл бий болно. Өмгөөлөгчдийн холбоо, Шүүгчдийн холбоо, Прокуроруудын холбоо зэрэг хуульчдын байгууллагуудтайгаа хамтран, хууль зүйн салбарын нэр хүнд, хөгжил, төлөвшлийг дээшлүүлэхэд манай Хуульчдын холбооны манлайлал хамгаас чухал.

-Баярлалаа.




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ