Ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлах шийдвэр нь холбогдох хуулийн заалттай зөрчилдсөн тул хүчингүй болгожээ

Ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлах шийдвэр нь холбогдох хуулийн заалттай зөрчилдсөн тул хүчингүй болгожээ

Сүүлийн өдрүүдэд цар тахлын халдварын батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж  ойрын хавьтал болон гэрээр тусгаарлан эмчилж байгаа иргэдийн тоо өсч байгаа учраас нөхцөл байдалтай уялдуулж зарим журамд өөрчлөлт оруулсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн.

Тодруулбал, УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон бөгөөд өмнө нь гадаадаас ирж байгаа коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 10 хонуулдаг байсан бол шинэ журмаар долоо хоног болгож бууруулсан, мөн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулахаар болсон юм.

Гэвч энэ нь холбогдох хуулийн заалттай зөрчилдсөн тул хурандаа Ц.Ганзориг дараах залруулгыг хийлээ. Тэрбээр "Түр журмын 2.1-д Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, долоо хоног тусгаарлан ажиглана гэсэн заалт байсан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4.4 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна гэх заалттай зөрчилдсөн байна. Иймээс та бүхнээсээ хүлцэл өчиж, Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж дараах залруулгыг хийж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах бөгөөд төлбөрийг төр хариуцах юм" гэж мэдээллээ.