БАРИМТ: БГД-ийн МАН дүүргийн төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг хураан авч, Б.Сэмжидмаа зохион байгуулж байна

БАРИМТ: БГД-ийн МАН дүүргийн төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг хураан авч, Б.Сэмжидмаа зохион байгуулж байна

МАН-аас Баянгол дүүрэг /БГД/-ийн иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдсон төлөөлөгч нар улиралд олгодог хоёр сая төгрөгийн урамшууллын мөнгөө авч чадалгүй намдаа тушаадаг байна. Үүнийг тус дүүргийн иргэдийн төлөөлөгч Н.Энхчимэг /ХҮН-ын гишүүн/ эсэргүүцэж холбогдох эрх бүхий байгууллагуудад хандаад байгаа юм.

-Б.СЭМЖИДМАА ДЭМЖҮҮЛСЭН САНАЛЫГ ХУРЛЫН ТОГТООЛД ОРУУЛАЛГҮЙ ХАССАН УУ -

Н.Энхчимэгийн хувьд “Төлөөлөгчийн урамшууллын мөнгийг төлөөлөгч өөрөө авах ёстой. Дүүргийн намын дансанд төвлөрүүлж болохгүй. Учир нь төлөөлөгч тус мөнгөөр сонгогдсон тойрогтоо ажил хийдэг юм. Гэтэл намууд төлөөлөгчийг ажиллах нөхцлөөр хангахгүй байна. МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдсон гишүүд урамшууллаа авч чадахгүй байна. МАН-ын гишүүдийн өнгөрсөн улирлын урамшуулал болох 34 сая 500 мянган төгрөгийг Баянгол дүүргийн намынхаа дансаар авсан” гэсэн юм.

Тиймээс тэрбээр Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолын хоёр дахь заалтын “...нам бүлгүүдийн дансанд” гэснийг “төлөөлөгчдийн дансанд” гэж өөрчлөх мөн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 16/13 тоот тогтоолын 3.7 дахь заалтыг хүчингүй болгох саналыг гарган 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүлсэн байна.

Гэтэл түүний дэмжүүлсэн “ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН УРАМШУУЛЛЫН МӨНГИЙГ НАМ, БҮЛЭГ БУС ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨӨРИЙНХ НЬ ДАНСАНД ШИЛЖҮҮЛНЭ” гэсэн санал хурлын тогтоолд оролгүй, хасагджээ. Хуулийн дагуу дэмжигдсэн санал хурлын тогтоол болж хэрэгжих ёстой. Тиймээс төлөөлөгч Н.Энхчимэг өөрийнх нь ИТХ-аар дэмжүүлсэн санал хурлын тогтоол болоогүй шалтгааныг дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагаас асуухаар “Чамайг санал гаргасныг санахгүй байна” хэмээн мэлзэж байгаа аж. Хурлыг тэмдэглэсэн дуу хураагуурыг ч гаргаж өгөлгүй хугацаа хожиж байна гэж Н.Энхчимэг хэлсэн юм.

ВИДЕО:

Тэр бүү хэл Б.Сэмжидмаа нь дээрх санал дэмжигдэж, хэрэгжиж эхэлсэн өдрөөс хоёр хоногийн дараа захирамж гаргаж ээлжит улирлын урамшууллын мөнгийг намын бүлгийн дансанд шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэгджээ.

Бид энэ талаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэгтэй холбогдож тодрууллаа.

-Н.ЭНХЧИМЭГ: Б.СЭМЖИДМАА ДАРГЫН ҮЙЛДЛИЙГ ПРОКУРОРТ АЛБАН БИЧГЭЭР ЯВУУЛСАН-

-Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчид урамшууллын мөнгөө авч чаддаггүй талаар та анх олон нийтэд мэдээлсэн. Энэ талаар бидэнд тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн жилүүдэд уг урамшууллыг нам нь авч байсан. Тодруулбал, МАН, АН төлөөлөгчдийнхөө мөнгийг авдаг. Үүнийг нь би хүчингүй болгох саналыг оруулж, дэмжүүлсэн. Ингээд тогтоол болгон албажиж гаргах ёстой. Гэтэл тогтоол болоогүй. Харин  зөвхөн урамшууллын үнийн дүнг нь багасгасан тогтоол болгоод “намын данс руу орж болохгүй” гэсэн заалтыг хасчихсан байна. Одоо ч уг саналаар маргасаар байна. Улсын төсвийн мөнгө улс төрийн намын данс руу орж болохгүй. Улс төрийн намыг санхүүжүүлж болохгүй шүү дээ.

-Нэг төлөөлөгч улиралд хэдэн төгрөг авдаг вэ?

-Нэг төлөөлөгч хоёр сая төгрөгийн урамшуулал авдаг. Үүнээс татвараа төлөөд нэг сая таван зуу гаруй мянган төгрөг болдог гэсэн үг.  Үүнийг нэг сар хуваахаар 500 гаруй мянган төгрөг болдог. 21 аймаг есөн дүүргээс ганц Баянгол дүүрэг л төлөөлөгчдийнхөө урамшууллыг намын дансандаа авдаг. Тэгэхээр төлөөлөгч нарт ажил хийх боломж олдохгүй байна.

-Таны гаргасан санал дэмжигдэж тогтоол болох ёстой. Гэтэл болоогүй шалтгааныг дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэрхэн тайлбарласан бэ?

-Санал хураасан билүү. Яасан билээ гэсэн зүйлийг ярьж, хурлын проткол гаргаж өгөхгүй байна. Ажлын албаны дарга нь утсаа авдаггүй. Бичиг хэргийн ажилтнаас нь асуухаар “Даргаас зөвшөөрөл ав” гэж байна. Миний бодлоор тэр хүн төлөөлөгч нарынхаа мөнгийг авч, хараат байдлыг бий болгох гэсэн санаа байх. Миний хувьд урамшууллаа авдаг. Харин бусад төлөөлөгчид авч чадахгүй байгаа юм. Хуулийн дагуу төлөөлөгчид мөнгөө авах ёстой шүү дээ. Бид нарын тогтоол дээр үндэслэж Б.Сэмжидмаа дарга захирамж гаргадаг. Гэтэл МАН-ын бүлгийн дансанд шилжүүлнэ гэдэг нь хууль бус захирамж гаргасан. Тэр хууль бус захирамж гаргасан. Хэн ч байсан хуулийг хэрэгжүүлэх ёстой. Миний баримталж буй зарчим бол хуулийг бид дагах ёстой. Түүнээс биш “Бид эрх барьж буй учраас төлөөлөгчийнхөө урамшууллыг авна” гэсэн хандлага гаргаж болохгүй. Тиймээс би Баянгол дүүргийн прокурорт албан бичиг явуулсан.