Э.Одбаяр: Тусгаарлалтын хугацааг 14 хоног болго гэж хэллээ гэсэн үндэслэлээр надад хэрэг үүсгэсэн

Э.Одбаяр: Тусгаарлалтын хугацааг 14 хоног болго гэж хэллээ гэсэн үндэслэлээр надад хэрэг үүсгэсэн

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр УОК-ын тушаалаар  “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам” болон “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон.

Тодруулбал, өмнө нь иргэдийг тусгаарладаг байсан хоногуудыг багасгаж, иргэд одооноос долоон хоног л тусгаарлах шаардлагатай болоод байгаа юм. Харин иргэдийн зүгээс энэ шийдвэрийг гайхаж хүлээж авч байгаа бөгөөд өмнө нь тогтоогоод байсан олон хоногийн чанга, хатуу тусгаарлалтын журмаас болж, маш олон иргэн сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байсан юм. Тухайн үед “Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөн”-ий зохицуулагч, “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр гадаадад гацсан монголчуудын нөхцөл байдал болон тусгаарлалтанд байгаа хүмүүсийн талаар дуу хоолойгоо өргөж, тэднийг олон хоног хэцүү нөхцөлд ийнхүү тусгаарлах нь зөв шийдвэр биш гэдгийг эрх баригчдад удаа дараа хэлж байсан ч түүнийг хэн ч тоогоогүй бөгөөд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, олон нийтийг уриалсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгагдаж байсан юм.

Бид энэ асуудлаар “Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөн”-ий зохицуулагч, “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяртай ярилцлаа.

ВИДЕО ҮЗЭХ:

Э.Одбаяр

-ЗАСГИЙН ГАЗАР, УОК-ИОС ҮНДЭСЛЭЛГҮЙ ШИЙДВЭРЭЭ ЗОГСООХЫГ ОЛОН УДАА ШААРДАЖ БАЙСАН Ч ТЭД ОДОО ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ ЭХЭЛЖ БАЙНА-

-Сайн байна уу, сүүлийн үед манай улсад халдвар ихэссэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-иос хэрэгжүүлж байсан тушаал, шийдвэрүүдээ өөрчилж эхлээд байна. Тодруулбал, иргэдийн тусгаарлагдах хугацаанд өөрчлөлт орлоо. Өмнө нь танай хөдөлгөөний зүгээс энэ шаардлагыг удаа дараа тавьж байсан шүү дээ?

-Тийм ээ, энэ шаардлагыг би өмнө нь хүмүүсийг залхтал нь уурлатал нь олон удаа тоть шиг давтаж байсан. Тодруулбал, 250 хүний суудалтай 40 удаагийн нислэг үйлдээд, Баянгол, Чингис зочид буудлуудыг тусгаарлах байраар бэлтгээд, тусгаарлалтын хугацааг 7 хоног, гэрийн тусгаарлалтыг мөн 7 хоног болгоё гээд олон удаа шаардаж байсан л даа. Мөн тусгай үүргийн нислэгтээ гадны авиа компаниудыг оролцуулья гэж ч хэлж байсан. Гэтэл одоо л энэ шийдвэрүүд эхнээсээ биеллээ олж, амьдралд хэрэгжиж УОК, Засгийн газрын шийдвэрүүд үнэнд гүйцэгдэж эхэлж байх шиг байна. Гэхдээ харамсалтай нь хэрэгжиж эхэлж буй зарим шийдвэрүүдийн ач холбогдол нь нэгэнт өнгөрчихсөн, үр өгөөж нь буурчихсан хожимдсон шийдвэрүүд л болж байх шиг байна. Гэхдээ ингэхээс өөр аргагүй. Энэ шийдвэрүүдийг хэн нэгэн хувь хүн зохиогоогүй, энэ бол бусад улс орнуудын туулсан туршлагаас үүдэлтэй шийдвэрүүд юм.

-Гадаадад гацсан монголчуудын нөхцөл байдлын талаар та хэзээнээс байр  сууриа илэрхийлж эхэлсэн бэ, энэ хугацаанд олон удаа цагдаагийн байгууллагаас дуудагдсан байх?

-2020 оны дөрөвдүгээр сараас эхэлж энэ асуудлаар сошиал орчинд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Удалгүй гадаадад гацсан иргэдийн асуудал хүндэрч эхэлсэнтэй холбогдуулан 2020 оны тавдугаар сард “Гадаадад гацсан монголчууд” хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлсэн юм. Тухайн үед би “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд энэ талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байсан, мөн маргааш нь гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхнийг оролцуулсан жагсаал цуглаан ч хийж байсан. Ингэснээр гадаадад байгаа иргэдийн бодит нөхцөл байдал олон нийтэд ил болсон байдаг. Энэ хугацаанд мэдээж цагдаа хүчний байгууллагаас дуудсан, баривчилсан тохиолдлууд гарсан л даа. Миний санаж байгаагаар нийт 10 гаруй удаа цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Одоо ч зарим асуудал нь шийдэгдээгүй, шалгагдаад явж л байна. Миний хувьд дуудсан хугацаанд нь ном журмын дагуу тайлбар мэдүүлэг өгсөөр ирсэн.

-Одоо ямар асуудлаар цагдаа дээр шалгагдаж байгаа вэ?

-Гадаадаас ирээд 21 хоног, гэртээ 14 хоног тусгаарлагдаж байгаа нь иргэдийн хувьд маш урт хугацаа байна аа, тиймээс үндэслэлгүй энэ олон хоногийг багасгаач ээ, ядаж 14 болгооч ээ гэсэн шаардлага, мэдээлэл тависны дараа намайг Эрүүгийн цагдаагийн албанаас өгсөн үүрэг даалгаварын дагуу Цагдаагийн ерөнхий газар дээр дуудаж мэдүүлэг авсан. Ингэхдээ миний нүүр хуудсандаа оруулсан тусгаарлалт болон хөл хориотой холбоотой мэдээллүүдийг шүүгээд үүн дээр хэрэг үүсгэсэн гэсэн. Ерөнхийдөө намайг “тусгаарлалтын хугацааг 14 хоног болго” гэлээ гэсэн үндэслэлээр над дээр хэрэг үүсгэчихсэн. Гэтэл саяхан УОК  өөрөө тусгаарлалтын хугацааг 14, дараа нь 10, сая бүр 7 хоног болгочихож байгаа юм. Тэгсэн мөртлөө намайг цагдаагаас тусгаарлалтыг “14 хоног болго” гэлээ гээд шалгаад байгааг нь би ойлгохгүй, үнэхээр сонин байдалд орчихоод байж байна.

Э.Одбаяр

-ДОТООДОД ХАЛДВАР ГАРСАНЫ ДАРАА МАНАЙ ИРГЭД ГАДААДАД ГАЦСАН МОНГОЛЧУУДЫН ЗОВЛОНГ БАГА Ч ГЭСЭН МЭДЭРСЭН ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО-

-Танай хөдөлгөөнөөс тусгаарлалтын хугацааг багасгая гэсэн шаардлагыг олон сарын өмнөөс тавьж ирсэн. Тухайн үед ямар үндэслэлээр тийм шаардлага тавьж байсан бэ?

-“Гадаадад гацсан монголчууд” хөдөлгөөнийг зөвхөн Э.Одбаяр гэдэг хүн дан ганцаараа мэдээд, ганцаараа шийдвэр гаргаад яваад байдаггүй. Маш олон судлаач, эрдэмтэд заавар, зөвлөгөө өгч ажилладаг. Дээрээс нь гадаад улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын судалгаа, мэдээллүүд дээр үндэслэж өнгөрсөн хугацаанд тус шаардлагуудаа тавьж байсан. Хүмүүс ч гадаадаас эрүүл ирчихээд тусгаарлах байрнаасаа халдвар авч байгаа тохиолдол ч гарсан шүү дээ.

-Тухайн үед энэ шаардлагыг хүлээж авч, санал солилцож байсан албан тушаалтан байсан уу, энд байсан хүмүүс тусгаарлалтын хугацааг багасгах тал дээр их эсэргүүцсэн байр суурьтай байх шиг байсан?

-Ер нь шаардлага хүлээж авч байсан тохиолдол огт байгаагүй. Бид өнгөрсөн хугацаанд бүх шатанд нь “30 шийдэл-30 шаардлага” гэсэн бичгийг хүргүүлж байсан. Тодруулбал, үндэслэлтэй арга хэмжээ авах, гадаадад байгаа иргэдээ эх оронд нь оруулах, тусгаарлалтын хугацааг бууруулах гэх мэт шаардлагуудыг удаа дараа хүргүүлж байсан ч сүүлдээ аргаа бараад эрх баригч нам гэдэг утгаар нь МАН дээр хаяглаад шаардлагуудаа хүргүүлж байсан. Тухайн үедээ гурван удаа хариу мэдэгдэнэ гэж цаг тохирсон ч уулзаагүй. Ингээд би хариугаа авах гээд очиход цагдаа нараар хамгаалуулаад тэнд байсан иргэдийг тараалгаад өнгөрсөн.

Өнгөрсөн хугацаанд ойр дотныхон нь гадаадад гацаагүй, өөрөө гадагшаа яваагүй эх орондоо байгаа иргэдийн хувьд гадаадаас маш олон вирустэй иргэд ороод ирэх вий гэсэн болгоомжлолын үүднээс бидний тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан л даа. Харин дотооддоо халдвар гарснаар иргэд маань гадаадад гацсан иргэдийн зовлонг бага ч атугай мэдэрсэн байх гэж бодож байгаа. Учир нь сая тогтоосон хөл хорионы үеэр орон нутгийн иргэд нийслэлд гацлаа, машин дотроо хонолоо, 22-ын товчоон дээр ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барлаа. Яг л гадаадад гацсан иргэдэд энэ зүйлс тохиолдож байсан шүү дээ. Тиймээс иргэд хэдэн сарын өмнөхийг бодвол энэ талаар хамаагүй дээр ойлголттой болсон байна.

-Таны хувьд удирдах албан тушаалтнуудыг их зоригтойгоор шүүмжилж байгаа харагддаг. Мөн ингэхдээ бүдүүлэг үг хэллэг ашиглаж байгаа ч харагддаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд пост бүрдээ доромжилсон утгатай үг хэллэг ашигладаггүй гэж боддог. Харин тухайн хүний хийсэн үйлдэлтэй холбоотойгоор зохих үг хэллэгийг хурц хэлбэрээр илэрхийлдэг. Тиймээс миний үг яриа тийм гэсэн үг биш. Хүмүүсийн бухимдал ийм хэлбэрээр илэрч гарч байна шүү гэдгийг л харуулах гэж оролддог. Түүнээс биш хэн нэгэн дарга сайдыг доромжильё гэсэн санаа байхгүй.

-Таныг мөн “чи больчихооч, яасан их юм ярьдаг юм бэ” гэх мэтээр хүмүүс шүүмжилж байгаа харагддаг?

-Ийм хүмүүс нэлээн байдаг. Миний хувьд нийгмийн болохгүй байгаа асуудал дээр иргэн хүний хувьд, мөн иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй гишүүний хувьд нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлэх болно. Би бусдын төлөө өөрийгөө яваад байна гэж хэлэхгүй л дээ. Харин миний ойр орчимд байгаа иргэд илүү шударга нийгэмд амьдарч байж би өөрөө тийм нийгмийн иргэн болох учраас цэвэр өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө дуу хоолойгоо өргөсөөр байх болно гэж боддог. Үүнээс болж дарамт шахалт байнга ирдэг, ойлгомжгүй асуудлуудтай тулгардаг. Гэхдээ шантрах бодолгүй байгаа.

Э.Одбаяр

-ОДОО ЭХ ОРОНДОО ИРЖ ЧАДАЛГҮЙ ГАДААДАД ГАЦСАН 6-8 МЯНГА ОРЧИМ МОНГОЛ ИРГЭН БАЙНА. ТЭДНИЙГ ИРТЭЛ ШААРДЛАГУУДАА ӨГЧ, ТЭМЦСЭЭР БАЙХ БОЛНО-

-Сүүлийн үед гадаадад гацсан монголчуудын асуудал нам гүм байх боллоо. Одоогоор гадаадад гацсан иргэдийн талаар танай хөдөлгөөнийхөнд ямар мэдээлэл байгаа вэ?

-Анх Засгийн газраас гадаадад гацсан 10 гаруй мянган монгол иргэн байгаа гэж мэдээлсэн. Харин манай хөдөлгөөний зүгээс 30 гаруй мянган гадаадад гацсан иргэн байна гэсэн тоон мэдээллийг гаргасан байдаг. Энэ нь ч тогтоогдсон. Учир нь өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган монгол иргэн гадаадын 93 орноос 130 орчим удаагийн нислэгээр ирсэн байна. Харин автозамаар ойролцоогоор 7 мянга орчим иргэн орж ирсэн байгаа юм. Одоогоор цаана нь тодорхой зорилгоор зорчоод гацсан байдалтай 6-8 мянга орчим монгол иргэн байгаа гэсэн тоо баримт байна. Тэгэхээр гацсан иргэдийн асуудал одоо ч намжаагүй, харин намжаах зорилгоор, намжсан мэтээр Засгийн газраас хүмүүсийг сошиалд ажилуулж байгаа юм. Ер нь бол гадаадад гацсан8 мянга байтугай 800 иргэн бүр 8 иргэн байсан ч энэ бол том асуудал.

-Одоогоор манай улс коронавирусийн халдвартай ямар замаар тэмцвэл илүү үр дүнтэй гэж харж байгаа вэ?

-Бид өмнө нь дотоодод авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд дээр олон шийдвэрүүдийг санал болгож байсан. Жишээлбэл, түргэвчилсэн тестүүдийг бүх эмийн сан, эмнэлгийн байгууллагуудаар тараагаад иргэдэд хүртээмжтэй байлгах. Энэ нь үр дүнгүй урсч байгаа төсвийн зардлаас хэмнэх том боломж. Мөн өнгөрсөн хугацаанд эрүүл хүмүүсийг олноор нь хэлмэгдүүлж, буруу шинжилгээ оношилгоо тавьж эмчилдэг байсан. Үүний уршиг дараа нь гарсан. Мөн халдварыг дотооддоо алдсан хугацааг иргэдэд буруу мэдээлсэн зэрэг олон алдаа дутагдал гаргаж ажилласан.

-Хөл хорио тогтоох асуудал яригдаж эхлээд байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөл хориог тогтоовол тогтоосон шиг тогтоогоод, чадахгүй бол ялгавартай шийдвэрээ болих хэрэгтэй гэж бодож байгаа. Манай Засгийн газрын түвшинд “тэг зогсолт” гэж нэг зүйл яригдаад байгаа. Гэтэл “тэг зогсолт” нь манай улсад буюу цаашлаад нийслэл хотын хувьд хэрэгжих боломжгүй. Учир нь нийслэл даяар хаяг бүртгэлжүүлэлт хангалттай түвшинд жигдрээгүй, хаяггүй маш олон иргэд энд тэнд очоод буучихсан үүнээсээ улбаалаад хатуу хөл хорионы үеэр эрүүл мэндийн тусламж, хүнсний тусламж авч чадахгүй өлбөрч үхэх гэх мэт аюул нийтлэг тохиолдоно. Тэгэхээр хөл хорио нь яаж хэрэгжих ёстой вэ гэхээр хорисон хугацаандаа айл өрхүүдэд нөхөн олговор олгох, иргэдэд тэтгэмжийг нь өгөх, шаардлагатай бол хоол хүнсийг нь хүртэл өгөх гэх мэт нарийн зохицуулалттай байдаг. Тиймээс эцсийн эцэст энэ бол бидний замбараагүй байдлын л үр дүн. Одоо тогтоох гэж байгаа хөл хориог миний хувьд эсэргүүцсэн байр суурьтай байна. Засгийн газар иргэдээ бүтэн нэг жилийн турш туршилтанд орууллаа. Үүнийх нь үр дүнд бид эрүүл мэндгүй, эдийн засаггүй, сэтгэл зүйн хямралтай болоод дуусаж байна. Сүүлдээ иргэд рүү, анхан дунд шатны албан тушаалтнууд руу буруугаа чихэх хандлага илрэх боллоо. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах, олон нийтэд үр ашигтай, үнэн зөв мэдээллийг өгөх, үйлдвэр үйлчилгээний байгууллагадаа шаталсан байдлаар хязгаарлалт тогтоох нь чухал болоод байгаа юм.

-Цаашид гадаадад гацсан монголчуудын асуудлаар ямар ажил санаачлан хэрэгжүүлэх вэ?

-Бид одоогоор гадаадад гацсан иргэдийн асуудлаар холбогдох албаны хүмүүст нь гомдол шаардлага хүргүүлээд явж байгаа. Мөн гадаадад хүндрэлтэй нөхцөл байдалд орсон иргэдэд тусламж үзүүлэх, хүмүүстэй холбож өгөх гэх мэтээр олон нийтэд тэр бүр мэдээлээд байдаггүй ажлуудыг хийж байна. Цаашид “Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөн”-ий зүгээс гадаадад гацсан сүүлийн монгол хүн гэртээ эргэж ирэх хүртэл холбогдох байгууллагуудад хяналт, шаардлага тавьж ажиллах болно. Мөн хүний эрхий асуудлуудаа хөндсөөр, удаашралтай байгаа асуудлууд дээр шаардлагаа тавьсаар байх  болно гэж хэлмээр байна. Мөн хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлэхэд Гадаад хэргийн яамны цахим хуудсан орсон гадаадад байгаа иргэдэд туслах сангийн зарцуулалтын тайлантай танилцаад, бидэнтэй хамт давхар хяналт тавиад яваасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.