УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслахаас коронавирус илэрч батлагджээ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслахаас коронавирус илэрч батлагджээ

УИХ-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрч, батлагджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслахуудаас илэрсэн байна. Тиймээс УИХ-ын Тамгын газраас "Ажилчдыг гэртээ харьж, онлайнаар ажил" гэсэн чиглэлийг өгсөн байна.

УИХ-ын Тамгын газрын бүх ажилчдыг энэ сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR шинжилгээнд хамруулсан. Дээрх хоёр тохиолдол өчигдөр /2021.04.06/ батлагдсан байна. УИХ-ын Тамгын газрын ажилчдыг 50 хувийн дүүргэлттэй долоо хоногоор ээлжээр ажиллуулж байгаа юм. УИХ-ын тамгын газрын ажилчдыг өнгөрсөн сарын сүүлээр вакцинд хамруулсан билээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан цахим хаягаараа дамжуулан тайлбар хийсэн байна. Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд миний болон УИХ-ын гишүүн С.Чинзоригийн туслахуудаас коронавирусийн халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарчээ.  Манай ажлын алба нийт таван алба хаагчтай бөгөөд нэг зөвлөх, нэг туслах, гурван бие төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг. 

Ажлын албаны залуучууд цаг тухай бүрд нь шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд нэг туслахаас коронавирусийн эерэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан би бөгөөд манай ажлын алба цахимаар ажиллах шаардлагатай болсон. УИХ-ын чуулган, холбогдох Байнгын хорооны хурал, хуваарийн дагуу уулзалтыг цахим хэлбэрээр хийж байна.  Өнөөдөр л гэхэд Монгол Улсад шинээр 575 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж ковидгүй зуны төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна" хэмээсэн юм.
 
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоохгүй бол халдварын тархалт нэмэгдэнэ гэдгийг анхааруулж байгаа юм.



Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө