Н.Мөнхтөр: Нүд нь сохорсон янгирыг гэртээ тэжээж, эмчлээд хараа ороход нь хөл газар хүрэхгүй баярласан

Н.Мөнхтөр: Нүд нь сохорсон янгирыг гэртээ тэжээж, эмчлээд хараа ороход нь хөл газар хүрэхгүй баярласан

Isee.mn сайт өмнө нь хүн байгалийн хүйн холбоог харуулсан хэд хэдэн нийтлэлийг уншигч танд толилуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад бид Ховд аймгийн Дөргөн сумын иргэн Н.Мөнхтөрийн түүхийг хүргэх гэж байна. Өдгөө 60 гарч буй тэрээр өнгөрсөн сард нүд нь гэмтэж, харалган болсон янгирыг гэртээ аваачиж, асарч тойлсоор хараа оруулж байгальд нь тавьжээ. Бид Н.Мөнхтөртэй холбогдож, янгирыг хэрхэн тэжээж, эмчилсэн талаар хуучиллаа.

ВИДЕО ҮЗЭХ:

Тайлбар: иргэн Н.Мөнхтөр

-ЗЭРЛЭГ БАЙГАЛИЙН АМЬТАН ТӨРӨЛХ ЗАН АРАНШИНГАА ОРХИДОГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ-

-“Ховд аймгийн Дөргөн сумын иргэн Н.Мөнхтөр гэмтсэн янгирыг гэртээ аваачиж эмчлэн байгальд нь тавилаа” гэсэн мэдээлэл сүүлийн үед цахим сүлжээнд давлагаалж хүмүүс их эерэг сэтгэгдэл хэлж байна. Энэ үйл явдал яг хэзээ болсон юм бэ?  

-Өнгөрсөн сард ихэнх нутгаар айхтар шуурга болсон шүү дээ. Тэрний дараахан цэргийн баярын өдөр адуундаа явж байтал танил маань “Мал дотор нэг янгир байна. Нүд нь юм харахгүй байгаа бололтой” гэсэн. Очоод  хартал үнэхээр хоёр нүд нь юм харахгүй болчихсон эм янгир байсан. Тухайн үед шуурганд харалган болчихсон юм болов уу гэж бодоод шууд л байгаль хамгаалагч руу аваачсан.

-Таныг анх очиход янгир ямар байдалтай байсан бэ?

-Байгаль хамгаалагчтай зөвшилцсөний дараа сумын захиргааны мал үзлэгийн тасгийн албаны мэргэжилтэнд үзүүлээд эм бичүүлж авсан. Анх олоход нүд нь цэхийчихсэн, нүүр, ам нь нэлээн гэмтчихсэн байсан. Юм харахгүй явсаар хад чулуунд нүүрээ гэмтээсэн байх. Бас нүд нь нуухтаад идээ татчихсан байсан.

-Нэг сарын хугацаанд та малын эмчийн заавраар эмчилсэн юм байна. Өөр янз бүрийн уламжлалт эмчилгээ хийсэн үү?

-Эмч зэрлэг амьтны өвчин туссан эсвэл шуурганы улмаас харалган болсон байж магадгүй гэж хэлсэн. Би малаар л зүйрлэж бодсон. Заримдаа ганц нэг малын нүд цэхийчихдэг юм. Өөрөөр хэлбэл, яг тэр янгир шиг юм харж чадахаа байчихдаг. Хөдөө эм ховор учраас шүднийхээ цусыг дусааж эмчилдэг. Элсэн чихэр, эсвэл шүдний оо хийнэ.  Тэгээд л шууд хараа орчихдог юм. Би  шүднийхээ цусыг дусааж үзсэн. Нэг бодлын дом ч гэж нэрлэж болох байх.

-Яаж хооллож, ундаалж байв. Ер нь юугаар хооллож байв?

-Эхэндээ юу ч идэхгүй байсан. Хүнтэй харьцаж байгаагүй болохоор аргагүй биз. Тэгээд өвс идүүлэхийн тулд хажууд нь хоёр ямаа авчирч, хамт байлгасан. Ямаа өвс идэхээр чимээг нь сонсоод дууриагаад идчихдэг юм. Нүд нь сохорчихсон учраас ус уугаагүй их удсан, “хатчихсан” байсан. Би ч бага багаар дасгаж ус өгч сургасан. “Чх чх чх чх чх” гэж дуугархаар ус байна гэж мэддэг рефлекстэй болгочихсон. Нэг уухаараа 3 литр ус уудаг. 2-3 пресс өвс иддэг. Харангадчихсан ирсэн болохоор аль болох тэнхээтэй байлгахыг хичээж өдөрт олон давтамжтайгаар хооллодог байсан.

-Танайд ирээд хэр идээшсэн бэ. Янгир их догшин амьтан шүү дээ?

-Зэрлэг байгалийн амьтан төрөлх ааш араншингаа орхидоггүй юм байна лээ. Намайг очихоор танина. Анх олсон болохоор дуу хоолойгоор минь таньдаг байх. Өөр хүн ирэхээр үсэрч цовхчоод ойртуулдаггүй. Ер нь гаршихгүй юм байна лээ. Хараа орсныхоо дараа хамт байсан хоёр ямаагаа мөргөөд эхэлсэн/инээв/.

-Хараа орж эхэлсэн үйл явцын талаар яръя. Хэд хоног эмчилгээ хийсний дараа хараа орсон бэ?

-Эмчийн бичиж өгсөн эм дусааж, тос түрхээд бараг 10 хоногийн дараа хараа орсон байх. Эхлээд баруун нүдний цөцгий нь тодорч, нэлэнхүйдээ зайгүй болоод ирсэн. Үүнээс хоёр, гурван хоногийн дараа зүүн талын нүдний цөцгий нь тодроод харлаад хоёулаа сайн хардаг болсон. Хараа ороход нь бид ч хөл газар хүрэхгүй л баярлаж байлаа.

-“ЭХ ДЭЛХИЙДЭЭ САЙХАН АМЬДРААРАЙ, ИЖИЛ СҮРЭГТЭЙ ЭРХ ДУРААРАА АМЬДРААРАЙ ГЭЖ ЕРӨӨЖ, ЗАЛБИРААД Л ЯВУУЛСАН ДАА”-

-Хараа орсныхоо дараа байгаль руугаа явах гэж яарав уу?

-Тийм. Бүр байж яддаг юм байна лээ. Үсэрч, цоройгоод, уяан дээрээ эргэлдээд, юм руу үсэрч харайгаад хангай дэлхийдээ очих гэж тогтож яддаг болсон. Би ч заавал бүрэн эдгэж, дахин малын эмчид үзүүлснийхээ дараа л тавьж явуулах санаатай нэлээн хэд хоног хүлээсэн. Бүрэн эдгээгүй байхад нь байгальд тавьсны дараа дахин харалган болчихвол яах билээ.

-Тэгэхээр эмчид үзүүлсний дараа байгальд нь тавьсан хэрэг үү?

-Тийм. Сумаас малын эмчид үзүүлтэл хараа нь бүрэн сэргэсэн байна гэсэн. Тэгээд л байгаль орчны газрын хүмүүсийг дуудаж, ууланд аваачсан. Анх туранхай амьтан ирсэн бол сүүлд элээн гүзээ суугаад, тэнхрээд явсан даа.

-Сохорчихсон байхдаа тэгвэл хэр хөдөлгөөнтэй амьтан байсан бэ. Хөдөлгөөн багатай байв уу?

-Ер нь хөдөлдөггүй байсан. Аргагүй шүү дээ. Явахаараа хашаа, чулуу, мод мөргөчихнө, эсвэл харган руу орчихно, жалга дов руу бүдрээд ойччихно. Хашраад нэг их хөдөлдөггүй байсан.

-Анх том янгир тэврээд ирэхэд гэрийнхэн тань яаж хүлээж авсан бэ. Их гайхсан байх. Янз бүрийн өвчинтэй байх вий гэж халгаагаагүй юу?

-Үгүй ээ. Харин ч баярлаж хүлээж авсан. Манай гэрийн бүлийн хүн ус дөхүүлж өгнө, нүдийг нь угаана, эм тариаг нь хийхэд тусална. Ер нь нүд рүү дусаадаг эм хийхээр их догширдог. Эм нь их хорсгодог юм шиг байгаа юм. Тиймээс заавал хоёр хүн хэрэг болно. Нэг нь дараад, нөгөө нь дусаадаг гэсэн үг. Хүүхдүүд боов, боорцог өгөх гэж гүйнэ. Хэд хоног гэр бүлийн гишүүн шигээ л асарч тойлсон доо.

-Нэг сарын хугацаанд хооллож, ундлаад ирэхээр тодорхой хэмжээнд дассан байх. Байгальд нь тавьж явуулахад юу бодогдож байв?

-Тэгэлгүй яахав. Их үгүйлж байна. Нүд нь яаж байгаа бол. Ижил сүрэгтээ нийлсэн болов уу.  Яажшуухан байгаа бол гэж их санаа зовно. Байгальд тавихдаа би хадгаар хүзүүг нь ороосон. Хадаг их зөөлөн шүү дээ. Бас мориныхоо эргүүлгийг хүзүүнд нь зүүж өгсөн. Тавьж явуулахдаа “Эх дэлхийдээ сайхан амьдраарай, эрх дураараа байгаарай” гэж хэлж, дотроо залбирч байлаа. Дараа нь булаг, шандан дээр таарах юм болов уу гэж тэмдэг тавих гэж байгаад ижил сүрэг нь голчхож магадгүй гээд больсон.

-Та ер нь урьд нь гэртээ зэрлэг амьтан тэжээж байсан уу?

-Урьд нь өвсгүй, усгүй болоод нэлээн муудчихсан янгирын ишгийг олж, хэд хоног асарч, тэнхрүүлж байлаа. Сая олсон янгир маань малаар ярьвал дөнжин /дөрвөн настай ямаа/юм уу даа. 2000 оны зуднаар манай нутагт Завхан аймгийн Дөрвөлжин сумаас хоолгүйтэж, усгүйдсэн их хэмжээний цагаан зээрийн сүрэг орж ирсэн. Тухайн үед зээрүүдэд өвс тавьж өгдөг байсан. Улаанбаатарт оюутан байхдаа туулай тэжээдэг байсан.

-Улаанбаатар гэснээс та Дөргөн сумын уугуул уу?

-Тийм ээ. Би Ховд аймгийн Дөргөн суманд төрж, өссөн. Миний аавыг Нямаа гэдэг. Би Улаанбаатар хотод Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн. Зураач мэргэжилтэй. Хөдөө орон нутагт 16 жил багшилсан. Одоо морь уядаг.

-Танай нутгаар янгир элбэг үү?

-Сүүлийн жилүүдэд манай хойд нутгийн гурван уулаар янгир нэлээдгүй өссөн. Аргаль бас бий. Гэхдээ цөөхөн. Уулын булаг шандад айлууд дөхөөд буучихдаг учраас амьтад ундаалахад хэцүү болоод ирдэг. Тиймээс байгалийн булаг шандыг сэргээх ажлууд хийгдээсэй гэж боддог.

-Таны үйлдэл олон хүнд эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа ойр байх, ан амьтныг хамгаалах сайн үлгэр жишээ боллоо. Ярилцлагын төгсгөлд та байгаль хамгаалах тал дээр залууст хандаж юу захимаар байна?

-Би бага ч болтугай зүйлээр ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлая гэж боддог. Эх дэлхийгээ хайрлаж явбал онгон төрхөөрөө үр хойчид маань өвлөгдөнө. Сүүлийн үед газар шороогоо их ухдаг болж. Ухсаар байвал бидний үр хойчид юу үлдэх юм бэ, үр хойч маань яаж амьдрах юм бэ. Байгаль дэлхийг хайрлахын ач холбогдлыг ухамсарлаж хүн болгон дор бүрнээ хичээвэл боломжгүй зүйл гэж үгүй шүү дээ. Тиймээс залуу үеийнхэн та бүхэн эх орон, энэ дэлхийгээ хайрлаж, хамгаалж яваарай. Хорвоо дээр чамтай л адил амьдрах гэж төрсөн ан амьтанд бүү гэм хор учруулаарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд мөн амжилт хүсье. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө