СУРВАЛЖИЛГА: Хүн цөөтэй Алтанцөгц суманд ор сураггүй алга болсон 16 настай хүүг хайсан иргэд гайхшаа барж байна

СУРВАЛЖИЛГА: Хүн цөөтэй Алтанцөгц суманд ор сураггүй алга болсон 16 настай хүүг хайсан иргэд гайхшаа барж байна

Баян-Өлгий аймгийн 14 сумаас хүн амын тоогоор 10 дугаарт ордог, хүний нягтрал хамгийн бага сумдын нэг Алтанцөгц суманд 16 настай Т.Талгатбек хүү ор сураггүй алга болоод долоо хонож байна.

Хачирхалтай нь тус суманд хүн ороод төөрчих ой, шугуй, живээд урсчих гол, мөрөн гээд байгалийн хүчин зүйлээс шалтгаалж хүн эндэх нөхцөлгүй, мөн сүүлийн өдрүүдэд хүн мал уруудах салхи, шуургагүй цаг агаар тогтуун байгаа аж. Гэсэн хэдий ч хамгийн өндөрлөг дээрээс нүдэнд торох зүйлгүй бүх зүйл нь харагдах тус суманд, хамгийн сүүлд тоглоомын талбай дээр тоглож харагдсан 16 настай хүү ор сураггүй алга болж, олны эргэлзүүлээд байна.

-БҮТЭН ДОЛООН ӨДРИЙН ТУРШ ХАЙСАН ЭРЛИЙН БАГ ГАЙХШАА БАРААД БАЙНА-

Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчимд 16 настай Т.Талгатбек хүү явганаар гэрээсээ гараад ор сураггүй алга болжээ. Энэ талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 20:20 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна. Хүүгийн гэр Алтанцөгц сумын 3 дугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар байдаг бөгөөд хүү одоогоор хаачсан нь мэдэгдэхгүй байгаа аж.

Алтанцөгц сум нь аймгийн төвөөс 45 км-ийн зайд байрладаг бөгөөд 2700 гаруй хүн амтай буйдхан сум аж. Харин хөдөөд нь ихэнх хүн ам нь суурьшдаг бол сумын төвд 800 гаруй иргэн л амьдардаг байна. 

Хүн ам цөөтэй, буйдхан суманд алга болсон 16 настай хүүг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн гээд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг долоон хоног тасралтгүй эрэн хайсан ч ямар ч сураг ажиг, ул мөр олдохгүй байгаад сумын иргэд гайхшаа бараад байгаа аж. Мөн энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэлд “дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 21:30 цаг хүртэл хайсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон” гэсэн байсан тул ямар учраас зогсоосон талаар тодруулахаар бид Баян-Өлгий аймгийн засаг дарга Н.Айбектэй холбогдлоо.

Алтанцөгц сум

-ХАМГИЙН СҮҮЛД СУМЫН ТӨВИЙН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ ДЭЭР ТОГЛОЖ БАЙСАН ГЭСЭН-

-Сайн байна уу? Танай суманд алга болсон 16 настай хүүгийн эрлийн ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл гарлаа. Ямар учраас зогсоосон юм бэ?

-Сайн байна уу. Тэр хүүхдийн эрлийн ажиллагаа зогсоогүй, үргэлжилж байгаа. Аймгийн төвөөс эрэн хайгчид ирээд эхний өдрөө 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хайж байсан. Бид хайхдаа сумын төвөөс хойд зүгт Хулс уул хүртэл 30 км-т явганаар хайсан ч орой болж үр дүнд хүрээгүй тул зогсоосон. Үргэлжлүүлэн 10, 20-иороо өнгөрсөн хоногуудад тасралтгүй хайсан ч үр дүн гарсангүй, гайхшаа бараад л байж байна. 

-Тухайн хүүхэд нь сумын төвөөсөө алга болсон юм уу, тухайн өдөр ямар хэргээр гэрээсээ гарч явсан юм бол?

-Тийм ээ, манай сумын 3-р багт амьдардаг юм. Тухайн өдөр гэрийнхэнтэйгээ үл ялиг маргалдаад гарсан юм билээ. Хамгийн сүүлд манай сумын хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байгаад тэгээд л хариагүй ар гэрийнхэн нь хайж эхэлсэн гэсэн. 

-Одоогоор ямар нэг сураг ажиг гараагүй байна уу, ар гэрийнхэн нь ер нь юу гэж таамаглаж байгаа бол?

-Одоогоор ямар ч сураг ажиг алга. Бид бүхэн гайхшаа бараад л байж байна. Ар гэрийнхэн нь их хүнд байна гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Хүүг эрэн сурвалжилж эхэлжээ

-ЦАГДААГИЙН ГАЗРААС ХЭРГИЙГ ШАЛГАЖ, ХҮҮГ ЭРЭН  СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЖЭЭ-

Алтанцөгц сум нь Ногооннуур, Баяннуур, Бугат, Толбо гэх сумуудтай хил залгаа оршдог бөгөөд хэд хэдэн өндөр уултай тул хүүг уул хадаар хайж байгаа хэмээн сумын удирдлагууд мэдэгдэж байгаа юм. Мөн одоогоор сумын мэргэжлийн ангийнхан болон хүүгийн ар гэр эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч ямар нэгэн дорвитой сураг ажиг, сэжүүр олдохгүй байгаа ажээ. Сумын иргэдийн зүгээс хүн ам багатай, буйдхан суманд алга болоод долоо хонож буй хүүгийн асуудлыг гайхшаа баран хүлээн авч байгаа бөгөөд энэ асуудлыг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгаж эхлэн, Т.Талгатбек  хүүг эрэн сурвалжилж эхэлжээ. 

Жич: сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон, цаг агаар дулаарч хүүхдүүдэд гадуур явах, тоглох нь эрс нэмэгдсэн энэ цаг үед хүүхдүүдэд анхаарах хараа хяналтаа сулруулахгүй байхыг иргэдэд анхааруулахын тулд энэхүү мэдээллийг бид бэлтгэн хүргэлээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

33 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө