Г.Сайханбаяр: Цэрэг амиа алдсан нь манай салбарт шат, шатандаа хариуцлага суларсныг харуулж байна

Г.Сайханбаяр: Цэрэг амиа алдсан нь манай салбарт шат, шатандаа хариуцлага суларсныг харуулж байна

Гуравдугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Г тус ангийн байлдагч 21 настай Б-ээс “мөнгө, архи нэхэж” улмаар зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Цэрэг амиа алдсан асуудалтай холбогддуулан Хүний эрхийн дэд хороо нээлттэй хуралдлаа.  Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс гадна Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагууд оролцож гишүүдийн асуултад хариулав. 

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Манай зэвсэгт хүчин, батлан хамгаалах дээр хууль эрх зүй, хангамж, орон тооны асуудлаас болж хүн амины хэрэг гараад байгаа юм биш. Энэ бол шат шатандаа хариуцлага яаж суларсныг, ажлаа яаж хариуцаж байгаагийн илрэл. Тухайлбал, хугацаат цэргийн албан хаагчдыг хариуцдаг албан тушаалтнууд буюу жанжин штабаас эхлээд салаан захирагч хүртэл маш олон шат дамжлага байгаа. Энэ гарч байгаа асуудал нь хүнтэйгээ ойр ажиллахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Түүнээс нийгмээс янз бүрийн хүүхдүүд орж ирээд түүнийг нь бид дийлэхгүй болоод байгаа юм байхгүй.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Цэргийн цагдаагийн хэсгийг бий болгосон. Цэргийн цагдаагийн алба эргүүл хийх, дотоод албан дүрмийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Энэ сардаа багтаагаад горимын ажилд нь оруулна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Батлан хамгаалах яамнаас таван тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээд эхэлсэн. Нэгд, офицеруудын мэдлэг ур чадвар, түвшинг тогтооно. Хоёрт, сайдын дэргэд Иргэний зөвлөл байгуулна. Гуравт, иргэдийн нээлттэй утсыг ажиллуулж эхэлсэн. Дөрөвт, хугацаат цэргийн албан хаагчдад цэргийн сэтгэл зүйч, хуульч нарыг бүх ангиуд дээр ажиллуулна. Тавд, хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлнэ.