Германд Л.Болд, Болгарт С.Ламбаа, Польшид Я.Санжмятавыг ЭЛЧИН болгохоор Ерөнхийлөгч Х.Баттулга зүтгүүлж байна

Германд Л.Болд, Болгарт С.Ламбаа, Польшид Я.Санжмятавыг ЭЛЧИН болгохоор Ерөнхийлөгч Х.Баттулга зүтгүүлж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн багийн гишүүд буюу өөрийг нь дэмжигчдийг Элчин сайдаар томилуулахаар зүтгэж буй ч МАН хүлээж авч, шийдвэрлэхгүй байна гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, тэрбээр Л.Болд, Г.Уянга, Я.Санжмятав, С.Ламбаа нарыг Элчин сайдаар томилуулахаар зүтгүүлж байгаа аж. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн. Үүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж аваагүй билээ.

Харин Ерөнхийлөгч бууж өгөлгүй зарлиг гарган Ё.Отгонбаярыг эргүүлэн татахаар ажиллаж байгаа юм.

Тэгвэл Ё.Отгонбаярын оронд өөрийн иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Уянгыг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн Ё.Отгонбаярын оронд Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нарын нэг нь явахаар хөөцөлдөж байгаа гэх мэдээлэл ч бий. Ямартай ч уг жагсаалтад Ерөнхийлөгч өөрийн хүмүүсийг идэвхтэй зүтгүүлж амбицлаж байгаа аж. 

Харин С.Ламбаа, Л.Болд, Я.Санжмятав нарыг Болгор, Польш, Германд Элчин сайдаар зүтгүүлж эхэлжээ.

Л.Болдын хувьд Элчин сайд болохоор эртнээс бэлдэж Ерөнхийлөгчийн бөөрөнд наалдсан бөгөөд үй зайгүй найз Ж.Батзандан нь Австралийн Элчин зөвлөхөөр томилогдон саяхан явсан юм. Ямартай ч Ерөнхийлөгч дээрх төлөвлөгөөгөөр ажиллаж буй бол МАН-ынхан түүний саналыг огт хүлээж авахгүй байгаа ба Гадаад харилцааны сайд В.Батцэцэг  хариу өгөлгүй хүлээлгэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тун удахгүй 10 гаруй улсын Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Харин МАН уг томилгоон дээр Ерөнхийлөгчид огт царай өгөхгүй байгаа гэх. Тэр дундаа Европын орнуудад суух Элчин сайдыг Ерөнхийлөгчид бүр өгөхгүй юм. Учир нь МАН дотор Элчин сайдаар явах хүсэлтэй дараагийн хүмүүсийн дунд ширүүн өрсөлдөөн болж эхэлсэн билээ.