Н.Номтойбаяр суллагдсан даруйдаа Бурхан Халдун ууланд гарчээ

Н.Номтойбаяр суллагдсан даруйдаа Бурхан Халдун ууланд гарчээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногт (2021.04.01) суллагдсан. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм. Улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ.

Н.Номтойбаяр нь өнгөрсөн оны тавдугаар сарын 28-ны өдөр /2020.05.28/ саатуулагдсан. Саатуулагдсан өдрөөс эхлэн ялын хугацааг тооцож эхэлдэг. Энэ дагуу тэрбээр ирэх тавдугаар сарын 28-ны өдөр шоронгоос суллагдах байсан ч ажил хийсэн учир ялын хоногоо хасуулж ийнхүү суллагдсан байдаг. 

Тэгвэл тэрбээр суллагдсан даруйдаа Бурхан Халдун ууланд гарсан байна.

Энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Ер нь эрх чөлөө, аз жаргалыг тайлбарлах философлиг ухаан хайх хэрэггүй юм байна. Эрх чөлөө нь гэр бүл ойр дотнынхонтойгоо хамт байснаар олддог бол, аз жаргал нь тэдэнтэйгээ хамт байснаар ирдэгийг мэдэрлээ" гэжээ.