Н.Тавинбэх: Тавдугаар сард Тавантолгойн цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Н.Тавинбэх: Тавдугаар сард Тавантолгойн цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн мэдээллийг сонслоо. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 16 эрчим хүчний эх үүсвэр барихаар төлөвлөсөн. 16 эх үүсвэрийг гурван чиглэлээр барина. Одоо байгаа эх үүсвэрүүдийг өргөтгөх, шинэчлэх, шинээр 300-400 МВт-ын станц барина, бага дунд шатлалын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барина. Зургаан аймгийн зургаан суманд 5-10 МВт-ын хүчин чадалтай нар салхины эрчим хүчний станц барина. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахад 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Үүний 9500 га газарт усан сан барина. Одоо энэ газарт амьдарч байгаа 528 өрх байна. Энэ өрхүүдийн амьжиргааг одоо байгаа түвшингээс нь дордуулахгүйгээр нөхөн олговор өгч, нүүлгэн шилжүүлэлт хийнэ. Нутгийн иргэдэд буруу ойлголт төрсөн учраас төсөлд янз бүрийн үйлдэл гарч байгаа. Тиймээс орон нутгийн удирдлагууд, сонгогдсон гишүүдийг хамтарч ажиллахыг уриалъя." гэлээ. 

Мөн "Оюутолгой төсөл үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эрчим хүчийг дотоодоос хангах ёстой гэж гэрээнд заасан. Оюутолгой өөрөө станц барих гэсэн. Гэтэл хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх учраас бид чадахгүй гэсэн. Дараа нь хувийн хэвшлийнхнээр бариулах гэсэн боловч амжилтгүй болсон. Тиймээс төр өөрөө барихаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой дулааны станцын 30 хувийг Эрдэнэс Тавантолгойд хувьцаа эзэмшүүлэхээр босгосон. Үлдсэн 70 хувьд хөгжлийн банкнаас санхүүжилт авахаар ажиллаж байна. Сангийн сайд баталгаа гаргаж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ төсөл ашигтай учраас Монгол Улс өөрөө барих нь зөв гэж үзэж байгаа. Энэ тавдугаар сард багтаагаад Тавантолгойн цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна" гэсэн юм.