АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааг энэ сарын 30-нд зарлана гэв

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааг энэ сарын 30-нд зарлана гэв

Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгат болон намын дэд дарга Ц.Оюундарь нар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгат "Ардчилсан намын дүрэмд төрийн сонгуулиар хариуцлага хүлээж, намын дарга огцорч, аль нэг дэд даргадаа тамгаа түр хадгалуулна хэмээсэн байдаг. Үүний дагуу С.Эрдэнэ дарга тамгаа дэд дарга Ц.Туваанд шилжүүлсэн. Мөн наймдугаар сарын 23-нд намын даргын сунгааг зарласан. Мөн Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг эхлүүлсэн. Тамга хүлээн авсан Ц.Туваан бүх товлосон зүйлийг хойшлуулж, цуцалж, өөрийнхөөрөө шийдсэн. Энэ үед албан ёсны бүртгэлтэй намын даргын хувьд өөр эрх ашиг үйлчилж байна гэж үзэн нөхцөл байдлыг хүлээж авахгүй гэсэн. Намын сунгаа ямар нэг зөрчилгүй явагдаж дууслаа. Процессын дагуу Үндэсний бодлогын хороонд өнөөдөр энэ асуудлыг оруулж, ҮБХ-оор товлох Их хурлаараа намын шинэ даргыг ёсчлон батламжлах юм. Ийнхүү батламжилснаа Дээд шүүхэд бүртгүүлнэ. Процессын дагуу явагдсан учир Дээд шүүх бүртгэхгүй гэх үндэслэл байхгүй. Ямар ч эргэлзээ байхгүй гэсэн үг" гэлээ.

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь "Дөрөвдүгээр сарын 30-наас Тавдугаар сарын 2-ны хооронд сонгуульд оролцох нам нэр дэвшигчээ тодруулж, зарлах үүрэгтэй. Түүнээс наана нэр дэвшигчийн тухай албан ёсны байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой. Ардчилсан нам нэр дэвшихийг хүсэж буйгаа илэрхийлсэн нэр дэвшигчдийн дунд сунгааг Дөрөвдүгээр сарын 30-нд зарлана. Гурван хоногт цахимаар сунгааг хийж, гарч ирсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хэмээн зарлана. Хувь хүмүүс сунгаанд оролцохоо илэрхийлж болно, харин намаас албан ёсны байр суурь илэрхийлэхгүй. Хуулийн хугацаанд багтан нэр дэвшигчээ тодруулах, тэрхүү нэр дэвшигч нь намын дүрмийн дагуу тодорсон байх гэсэн хоёр хайчин дунд бид нэр дэвшигчээ тодруулах ёстой. Цахим сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ гаргахад томоохон түлхэц болсон" гэв.