Т.Дэлгэрмөрөнгийн нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарч хэргийг нь шүүх рүү шилжүүлнэ

Т.Дэлгэрмөрөнгийн нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарч хэргийг нь шүүх рүү шилжүүлнэ

Дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга, дэд хурандаа  Б.Баатархүү “Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 21:30 минутын үед Т.Дэлгэрмөрөн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн утгатай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч, бүртгэн холбогдох шалгалтын ажиллагааг явууулж байна” гэсэн юм. Т.Анандагийн /эхнэр/ хувьд удаа дараа хүчирхийлэлд өртөж буйгаа мөн Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэж мансуурдаг тухай ярьсан юм. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас дуучин Т.Дэлгэрмөрөнг шинжилгээнд хамруулахад  TNC төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээс гарсан.

Бид энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад “Эхнэрийнх нь гомдлын дагуу мансууруулах төрлийн ургамал, хар тамхи хэрэглэсэн асуудлыг нь тодруулахаар шинжилгээ хийсэн нь үнэн. Нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Шинжилгээний хариу гарсны дараа хэргийг нь шүүхэд шилжүүлнэ” гэлээ.

Харин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд “Миний шээсний шинжилгээнээс ургамлын төрлийн бодис илэрсэн. Энэ нь ургамлын гаралтай цай уусан хэний ч шинжилгээнээс илрэх л асуудал. Тиймээс надаас дахин шинжилгээ авсан” гэсэн юм.

Ямартай ч түүний хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж холбогдох баримтуудыг цуглуулан шинжилгээний хариуг хүлээж байгаа аж.

-Т.ДЭЛГЭРМӨРӨН ӨМНӨ НЬ 1 ЖИЛ, 1 ЖИЛ 6 САРЫН ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛААР ТУС ТУС ШИЙТГҮҮЛЖ БАЙЖЭЭ-

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд 2001 оны долдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.1 хэрэгт, 300 мянган төгрөгөөр торгуулж, хоёр жил эрх хасах ял, 2009 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйл буюу Танхайрах гэмт хэрэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг буюу төрийн албан хаагчийн биед гэмтэл учруулсан хэрэгт 1 жил тэнсэн, 2010 оны дөрөвдүгээр сард мөн ЭХТА-ын 181.2.1, 230.2 дахь хэсгээр 1.6 жил тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Түүнчлэн хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт шалгагдаж байснаас хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэр бүлийн хүчирхийллээр шалгагдаж, шийтгэл хүлээсэн гэх. 2019 онд хар тамхины хэргээр шалгагдаж, шинжилгээ өгч байсан аж. Хэрвээ тэрбээр энэ удаагийн хүчирхийллийн хэрэгт гэм буруутай нь нотлогдвол, Эрүүгийн хуулийн 11.7-д заасанчлан хоёр хүртэл хорих жилийн ялаар шийтгүүлэх магадлалтай байгаа юм.